Намар болж, хурим найрын улирал ирж буйтай холбоотойгоор гэр, орон сууц, тавилга хэрэгслийн эрэлт ихэсдэг. Мөн өвөл болохоос урьтан гэрээ дулаалж, бүрээс, эсгийгээ солих, шинэчлэх айл мундахгүй олон болдог учраас гэр, гэрийн модны үнийг сонирхлоо. Ийн өнгөрсөн бямба гаригт явахдаа ирэх есдүгээр сарын дундуур хүүгээ гэрлүүлж, хурим найр хийхээр төлөвлөн, гэр, тавилгыг нь базаахаар Баянхонгороос ирсэн Ч.Лхамсүрэнтэй “Нарантуул” захад тааралдсан юм. Тэрбээр “Манай нутаг модгүй шахам учраас түлээнээс эхлүүлэн мод, модон эдлэл үнэтэй, сонголт ч их биш. Тиймээс нийслэлийг зорин ирлээ. Гэхдээ бараа, бүтээгдэхүүний үнэ мөн ч өндөр байна даа. Хүүхдүүдийнхээ хандив дээр нэмээд тэтгэврийн зээл авч долоон сая орчим төгрөг бүрдүүлсэн, хаанаа ч хүрэхгүй янзтай” гэлээ.
“Нарантуул”-д борлуулж буй гэр хэмжээ, шалтай, шалгүй, дан, эсвэл давхар бүрээстэй зэргээсээ шалтгаалж янз бүрийн үнэтэй байв. Шинэ айлд ихэвчлэн 5-6 ханатай, шалтай гэр сонгодог. Тодруулбал, таван ханатай, шалтай, давхар бүрээстэй буюу хоёр давхар дээвэр, туургатай гэрийг таван сая гаруй төгрөгөөр үнэлжээ. Харин шалгүй, дан бүрээстэй, таван ханат 4.2 сая төгрөг. Тэгвэл зургаан ханатай шалтай, давхар бүрээстэй нь зургаа, зургаан ханатай, дан бүрээстэй, шалгүй нь 4.8 сая төгрөгийн үнэтэй байв. Гэрийн үнэ, нийлүүлэлт, эрэлтийн талаар дээрх захын борлуулагч Ц.Гантөгс “Мод, модон эдлэлийн үнэ цар тахлын өмнөх үеийнхээс бараг гурав дахин өссөн. Өнгөрсөн жилийн намрынхаас ч нэмэгдсэн бөгөөд 2022 оны өдийд таван ханатай, шалтай гэр дунджаар дөрөв, зургаан ханатай нь 6-7 сая төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл өдгөө гэрийн үнэ жилийн өмнөхөөс 50 гаруй хувиар өсөөд байна. Нийлүүлэлт тогтвортой, эрэлт янз бүр” хэмээн ярив. Ч.Лхамсүрэн таван ханатай, шалтай, давхар бүрээстэй гэрийг таван саяар худалдан авахаар болж, үүнд унь, хана, тооно, шал, гэрийн бүрээс, цаваг, хөшиг, бүс багтжээ. Мөн зуух, яндан, галын дөрвөлж зэргийг худалдан авах бөгөөд зуух ихдээ 1.2, багадаа 200 000, яндан 50 000 төгрөгийн үнэтэй байв. Эдгээрээс зуухыг 500 000-аар, гар хийцийн буйдан болон хоёр хүний орыг нийт 1.2 саяар, гэрийн хойморт тавих зурагтын тавиур бүхий шүүгээ зэргийг худалдан авч, нийт гурван сая гаруй төгрөг зарцууллаа. Ийнхүү таван ханатай гэр, хагас тавилгын хамт найман сая төгрөгт багтахын зэрэгцээ Улаанбаатар-Баянхонгор чиглэлд тээвэрлүүлэх зардал багадаа 500 000 төгрөг болох гэнэ.
“Хархорин” захын гэр, гэрийн мод борлуулдаг хэсэгт уржигдар 12.00 цагийн үед хөл хөдөлгөөн бага байв. Тус захын борлуулагчаас гэрийн эрэлт хэр байгааг тодруулахад “Намар гэр, гэрийн мод хамгийн их зарагддаг үе. Ялангуяа наймдугаар сарын дундаас аравдугаар сар хүртэл бид нэг жилийн борлуулалтынхаа 70-80 хувийг хийж чаддаг. Сүүлийн хоёр жилд Улаанбаатарт ойрхон, малчдын гадаа зусах зорилготой айл олширсноос дөрвөн ханатай жижиг гэрийн борлуулалт өссөн. Манайх ч хүмүүсийн эрэлт, худалдан авах чадварыг харгалзан голдуу 4-5 ханатай гэр л зарж буй бөгөөд дөрвөн ханатай шалгүй гэр хавраас өдий хүртэлх хугацаанд хамгийн их зарагдлаа. Ийм гэрийг багадаа 2.5, ихдээ 4.8 саяар үнэлж байна. 2.5 саяд шалгүй, дан бүрээстэй гэр худалдан авч болох ба тээвэрлэж зөөхөд ч авсаархан” гэсэн юм. Дээрх захад дөрвөн ханатай гэр дунджаар гурав, тав нь 4-5, зургаа нь 5-6, найман ханат нь 7-10 сая төгрөгийн үнэтэй байв.
Сүүлийн үед сийлбэртэй, цонхтой, модон шалан дээр паркет шахаж өнгө үзэмж оруулсан гоёмсог гэрийн эрэлт, нийлүүлэлт нэмэгджээ. Ялангуяа бүрэн сийлбэртэй гэрийн ханш ч өндөр, хийц ч чамин юм. Зургаа дахь жилдээ сийлбэртэй гэр хийн борлуулж буй Ж.Энхтүвшингийн “Ганган хийц” компанийн цех Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг. Тус цехэд одоогоор таван хүн ажиллаж буй бөгөөд дундаж үнэтэй, сийлбэртэй гэр хийж борлуулдаг гэнэ. Тэд таван ханатай, унь, тооно, багана нь сийлбэртэй, хар модон шалтай гэрийг 30 саяд үнэлжээ. Тэрбээр “Бид энгийн гэрийн мод авч, матаж, сийлж, нэмж чимэглэн борлуулдаг. Голдуу амралт, жуулчны баазууд худалдан авахын зэрэгцээ айл өрхүүд сонирхох нь бий. Манайх давхар бүрээстэй, иж бүрэн гэрээ 30 саяар үнэлсэн нь дундаж л ханш. Сийлбэртэй, 8-10 ханатай гэрийг 500 сая төгрөгөөр борлуулсан удаа байна. Бид нэг гэр хийхэд 5-6-уулаа өдөрт 10 орчим цаг ажиллан, хатааж бэлэн болготол 30-аад хоног зарцуулдаг. Будаг, чимэглэлийн материал болох төмөр, шилэн эдлэлийг урд хөршөөс импортолдог бөгөөд ийм бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа. Харин дотоодоос худалдан авдаг гэрийн модны үнэ сүүлийн нэг жилд багадаа 50 хувиар өссөн” хэмээн ярив.
Цомцог буюу гадас болон модон сууринд суурилуулдаг, цонхтой, 5-6 ханатай гэрийн дайтай багтаамжтай гэр сууц олны сонирхлыг татах болжээ. Ийм сууцууд шалны халаалттай, угсарсан тохиолдолд буулгах боломжгүй, заримынх нь хана, унийг төмрөөр хийсэн, баганагүй байдаг аж. Харин дулаалгыг нь эсгий болон бусад материал оролцуулж, хана, туурганаас нь дулаалдаг гэнэ. Одоогоор ам метр нь дунджаар 700 000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд иргэд хамгийн их сонирхдог, зургаан ханатай гэрийн хэмжээтэй буюу 40 ам метр, 7-8 метрийн голдочтой, тооно хүртлээ гурван метр өндөртэй гэрийг 30 сая төгрөгөөр үнэлсэн байна. Үүнд халаалт бүхий паркетан шал, угсрах үйлчилгээ, вакум цонх, хаалга багтаажээ. Ийм гэрийг тасалгаатай, ариун цэврийн өрөөтэй, олон цонхтойгоор захиалж болох аж.
ГЭРИЙН ХАНШ (САЯ ТӨГРӨГӨӨР)
Дөрвөн ханатай
Дан бүрээстэй, шалгүй 2.5-3.5
Дан бүрээстэй, шалтай 3-4
Давхар бүрээстэй, шалгүй 4.2-5.2
Давхар бүрээстэй, шалтай 3.8-4.8
Дан мод 1.5-2
Таван ханатай
Дан бүрээстэй, шалгүй 3-4.5
Дан бүрээстэй, шалтай 3.7-4.7
Давхар бүрээстэй, шалгүй 4.2-5.2
Давхар бүрээстэй, шалтай 4.8-5.8
Дан мод 2-3
Зургаан ханатай
Дан бүрээстэй, шалгүй 4-5
Дан болон давхар бүрээстэй,
шалтай, шалгүй 4.8-5.8
Давхар бүрээстэй, шалтай 5.6-6.6
Дан мод 2.5-3.5
Найман ханатай
Дан бүрээстэй, шалгүй 6-8
Дан болон давхар бүрээстэй, шалгүй 7-9
Давхар бүрээстэй, шалтай 8-10
Дан мод 4.5-5.5