Шинэхэн нярай үрээ аюулгүй тээвэрлэх, тав тухтай байлгах нь ертөнцийн бүх аав, ээжүүдийн хүсэл мөрөөдөл байдаг. Тэдгээр аавуудын төлөөлөл Израйл улсын иргэн Ёав Мазар бусдын хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулан хүүхдийн тэрэг болдог машины тав тухтай суудал зохион бүтээсэн юм. “Doona” брэндийг үүсгэн байгуулагч Ёав Мазар (Yoav Mazar) Монголд иржээ. Түүнийг урьж цөөн хором ярилцлаа.
-Бага насны тэр дундаа нярай хүүхдийг салхилуулах, машинаар авч явахад зориулалтын тэрэг, суудал их чухал. Харин та нэг загвараар хоёр шийдэл гаргаж, дээрх чухал асуудлыг бүрэн шийджээ. Хүүхдийн тэрэг болдог машины суудлаа хэрхэн бүтээсэн түүхээ хуваалцаач?
-Миний амьдралын мартагдашгүй баярт мөчүүдийн нэг нь том охин Даниял минь төрж байсан үйл явдал билээ. Охиноо эмнэлгээс машин руу зөөхдөө зориулалтын суудал ашигласан. Угаас манай улсад машинд хүүхдийн тусгай суудал тавих стандарттай. Тийм хэдий ч гар минь их чилсэн, ядарсан. Тиймээс буруу бүтээгдэхүүн худалдаж авснаа ойлгож, өөр сонголт хийхээр болсон. Улмаар хүнээс хүч гаргахгүй, гар чилээхгүй, доороо зориулалтын дугуйтай суудал хайсан ч миний хүссэн загвар аль ч дэлгүүрээс олдоогүй.
-Таны мэргэжлийн онцлог үүнд нөлөөлсөн байх?
-Тийм ээ, миний мэргэжил үйлдвэрлэлийн дизайн, зохион бүтээгч. Тиймээс би өөрөө энэ бүхнийг сэтгэж, зурж туршсан. Ингээд долоон жил ажиллаж, бүтээгдэхүүнээ сайжруулаад, туршилтаа амжилттай даваад дэлхийд цор ганц 2 үйлдлийг багтаасан 1 бүтээгдэхүүнийхээ анхны загварыг 2014 онд гаргаж “Doona” брэндийнхээ албан ёсны нээлтийг Европт хийсэн. Үүнээс хойш бүтээгдэхүүндээ улам илүү сайжруулалт, хөгжүүлэлт хийсээр байна.
-“Doona” брэндийнхээ нэрний учрыг тайлбарлаж болох уу. Юуг бэлгэдэж, ямар утга агуулгаар энэ нэрийг өгсөн бэ?
-“Doona” бол охины минь багийн нэр. Бид охиноо багад нь өхөөрдөж Doona, Doona гэж дууддаг байлаа л даа. Том охин минь миний бизнесээ эхлүүлэх шалтгаан, хайр, амьдралын нандин дурсамж минь учраас брэндээ ийн нэрлэсэн юм. Бяцхан Doona өдгөө 18 нас хүрсэн том охин болсон.
-Таны зохион бүтээсэн тэрэг болдог суудал олон улсын стандартад хэр нийцсэн бэ?
-Хүүхдийн тав тух хангах, олон улсын стандартад нийцүүлэх гэж маш их судалгаа, шинжилгээ хийсэн. Амаргүй байсан ч ард нь гарч чадсан. Манай бүтээгдэхүүн олон улсын дөрвөн томоохон стандартад нийцсэн. Машины суудал, тэрэгийг, гараар өргөж явахад хөнгөн, авсаархан байх болон онгоцны гар тээшинд авч явах стандартад нийцсэн. Орон орны онцлог өөр. Тиймээс манай бүтээгдэхүүнийг авч буй тухайн орны стандартад нийцүүлж, тэргэндээ тохируулга нэмж хийдэг. Товчхондоо, Америк болон Европын стандартад нийцсэн.
-Тухайлбал, “Doona” брэнд Монголын нөхцөлд тохируулсан ямар давуу талтай вэ?
- Мэдээж тэрэг маш бат бөх. Мөн Монголын нөхцөлд тааруулаад дугуйг нь элэгдэхгүй, эвдрэхгүй байх тусгай материалаар хийсэн. Энхэл, доголтой, тэгш бус замд саадгүй явна. Олон улсын стандартад нийцсэн учраас Монголын стандартын шаардлагыг мөн хангана. Монголын хэрэглэгчид энэхүү тэрэг, машины суудлыг хоёр сар гаруйн хугацаанд ашиглаад, давгүй сайн гэсэн үнэлгээ өгсөн. Сайн чанарын бүтээгдэхүүн гэж үнэлсэнд туйлын баяртай байна. Ер нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа ээжүүдийн шаардлагад нийцэж, талархлыг нь хүлээсэн. Тэрэг дээрээ хүүхдээ суулгаад явна, дугуйг эвхээд машиндаа зориулалтын суудал болгоод ашиглана. Хоёр асуудлыг нэг дор шийдсэн сайн чанарын бүтээгдэхүүн болсонд ээжүүд баяртай байгаа. “Doona” брэндийг дэлхийн 85 оронд хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд дөрвөөс дээш насны хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн санаачилж, хөгжүүлж, туршиж ажиллаж байна.
“Doona” брэндийн Монгол дахь цор ганц албан ёсны борлуулагч “Жи Жи Ритэйл” ХХК Babyworld хүүхдийн дэлгүүр www.babyworld.mn