Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлагаас түүхэнд урьд хожид байгаагүй томоохон олдворууд илрүүлжээ. Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн доктор, дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг уг малтлагыг хийсэн байна. Тэрбээр анх 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Говил уулын баруун бэлд олон тооны оршуулгын дурсгал байгааг агаарын зургийн аргаар олж тогтоон, бүртгэн баримтжуулсан аж. Улмаар 2021 оноос тус аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр малтлага, судалгааны ажил хийж эхэлснээр Сяньбигийн үеийн дурсгал болохыг тогтоожээ.
Энэхүү судалгааны шинэ сониныг багийнхнаас тодрууллаа. Улаанбаатарын их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан П.Эрдэнэпүрэв “Сяньби бол Хүннүгийн дараах томоохон төрт улс. Түүхийн үйл явцыг тодорхойлох, монголчуудын өвөг сяньбичууд мөн, эсэхийг тодруулах зорилгоор тус малтлагыг хийсэн. Бунхант булшны судалгаа дуусах шатандаа орж байна. Чулуунд дараатай, шороон овоолготой, Сяньбигийн үеийн булш олдсон. Өмнө нь бунхны хойд талд хоёр язгууртны хөндөгдөөгүй, бүтэн оршуулга бий хэмээн таамаглаж байв. Түүнд дахин малтлага хийхэд хүний оршуулга байгаагүй нь үүнийг төлөөллийн шинжтэй зан үйл гэж үзэхэд хүргэлээ. Уг оршуулгатай зэрэгцээ бунхны үүдэнд тэдгээрийг дагалдуулж, хагас суугаа байдалтай, зарц, бараа бологч гэмээр хоёр хүний дурсгал олдсон. Үүнээс гадна 15 орчим нь бүтэн 20 гаруй ваар, морины амгай, зуузай болон шар үхэр, тугалын толгой, дал, дөрвөн өндөр зэрэг олдвор илрүүлээд байна” гэлээ. Түүнчлэн Сяньбигийн түүхэнд байгаагүй томоохон, өвөрмөц олдворууд илрүүлсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал хэмээн малтлагын багийнхан онцлов.
Бэлтгэсэн: Д.Хүслэн