БНХАУ-ын Чэндү хотноо зохион байгуулах дэлхийн оюутны спортын зуны универсиад наадам өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийн үйл ажиллагааны өмнөх туг залах ёслол өчигдөр боллоо. Тус тэмцээнд 50 орны 11 500 тамирчин оролцож байгаа аж. Мөн наадмын онцлог, тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын өв соёлыг харуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэнд Хятадын үндэсний хувцас, шаазан эдлэл, хатгамал болон наадмын бэлгэдэл болох хулсны баавгай(панда) зэргийг таниулан сурталчлах бүтээлүүдийг толилуулсан байна. Чэндү хот нь устах аюулд ороод байсан хулсны баавгайг нутагшуулж, үржүүлж чадсанаараа онцлогтой юм. Түүнчлэн тамирчдын байрлах тосгоныг уг наадамд зориулж тусгайлан барьсан бөгөөд төрөл тус бүрийн бэлтгэл хийх боломжийг бүрэн хангажээ. Манай улсын тамирчид байрлах тосгондоо хэдийн очсон бөгөөд тэмцээнийхээ бэлтгэлийг базааж байгаа аж. Тус наадамд Монгол Улсын тамирчид байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд оролцох юм.