Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулсан “Umnugovi chess festival-2023” олон улсын чансаа бодох шатрын нээлттэй тэмцээнд Монголоос гадна Мальта, АНУ, ОХУ-ын Шатрын холбооны нийт 68 тамирчин өрсөлдлөө. Манай шатарчдаас стандарт ангилалд дасгалжуулагч, их мастер Г.Мөнхгалын удирдлагад оролцсон Б.Дүүрэнхишиг есөн өрөг тоглон, ОХУ-ын тамирчин, Европын аварга Ф.Рудовский, улсын аварга Э.Хүслэн нарыг хожиж 7.5 оноогоор аваргын цом гардлаа.
Шатартай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Азийн наадам, “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл хангагджээ. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тамирчдын бэлтгэлийн үйл явцтай танилцав.
“Дэлхийн цом-2023”-т оюунаа сорих тамирчид Азербайжан улсын Баку хотыг өнөөдөр зорино. Харин Азийн наадамд оролцох нь спортын бусад төрөлд өрсөлдөх 800 гаруй тамирчны хамт өмнөд хөршийн Ханжоу хотод есдүгээр сард хөл тавих аж. “Дэлхийн цом”-ын тэмцээн нь хасагдах системийн журмаар явагддаг. Монголын шатарчид тэмцээний эхний өрөгт дэлхийн шилдэг их мастеруудтай оноолт таарчээ.