Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж буйд талархаж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Өөрийгөө ялж, бэртэл гэмтлээ даван туулж, 2021 оны долдугаар сард мэргэжлийн сүмогийн их аварга цол хүртсэнд халуун баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн байна. Японы Мэргэжлийн Сүмо бөхийн 73 дахь Ёкозүна 1991 оны 11 дүгээр сарын 29-нд төрсөн. 2010 онд Япон улсын Тоттори мужийн Жёохокү ахлах сургуульд суралцаж, 2011 онд “Магаки” дэвжээнд анх элсэж, 2013 онд “Исэгахама” дэвжээ рүү шилжин орж, 2015 онд Хэйсэгийн үед /Японы уламжлалт тоолол 1989-2019 он/ төрсөн бөхчүүдээс хамгийн анхны Оозэки цолтон болжээ. Гэвч бэртэл гэмтэл, өвчний шалтгаанаар жёнидан хүртэл зиндаа буурч байсан. Энэ мэт бэрхшээлд бууж өгөлгүй ахин дээш өгсөн 2021 онд Рейва шинэ тооллын анхны Ёкозүна болон алдар суугаа мандуулсан юм.