Хадам эхийгээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан Д.Энхээд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр энэ оны зургаадугаар сарын 30-ны 06.30 цагийн үед тус дүүргийн XIX хорооны нутаг, Тахилтын гудамжинд суудаг хадмындаа “Эхнэртэйгээ учраа ололцоно” хэмээн согтуу очиж, байшингийнх нь дээд тагтаар дамжин оржээ.
Улмаар хадам ээжийгээ хөнөөж, эхнэр Н болон дөрвөн настай охин, эхнэрийнхээ охин дүү нарт хутга тулган заналхийлж, Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нараас автомашин, гурван сумтай буу өгөхийг шаардаж байсан аж. Цагдаагийнхан Ажлын хэсэг байгуулж хэргийн газарт очсоноор түүнийг саатуулсан бөгөөд тэрбээр хадам аав, хадам дүү, талийгаачийн ээж 85 настай Б нарыг мөн хутгалж, гэмтэл учруулсан байсан юм.
Түүнд Нийслэлийн прокурорын газраас хүний амь бүрэлгэсэн, бусдыг барьцаалсан, иргэдэд хөнгөн гэмтэл учруулсан, бусдын хөр өнгийг санаатай устгасан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Чингэлтэй дүүргийн шүүх Д.Энхээгийн гэм буруу нь тогтоогдсон гэж үзээд ялын дээд хэмжээ оноолоо.
Г.ОРЧЛОН