“Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага БНХАУ-ын Чэндү хотноо зохион байгуулах дэлхийн оюутны зуны универсиад наадмын гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллана. Монголын оюутны спортын холбооноос түүнийг дээрх наадмыг сурвалжлуулахаар сонгосон юм. Манай гэрэл зурагчнаас гадна “Eagle” телевизийн сэтгүүлч, зураглаач нар дээрх наадмыг сурвалжлах юм байна. Э.Харцага өмнө нь “Гуанжоу-2010”, “Инчон-2014”, “Жакарта-2018” Азийн наадам, “Пёнчан-2018” өвлийн, “Токио-2020” зуны олимпод гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан туршлагатай.
“Чэндү-2021” наадам энэ сарын 28-нд нээлтээ хийх бөгөөд 50 орны 11500 тамирчин спортын 18 төрлөөр 269 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд 80 тамирчин, 30 дасгалжуулагчийн удирдлагад оролцох ба тамирчдын түрүүч нь Чэндүд хэдийн төвхнөөд байгаа аж. Хоёр жил тутамд өвөл, зуны спортын төрлүүдээр зохион байгуулдаг оюутны ээлжит универсиад наадам 2021 онд болох байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Монголын тамирчид 1965 оны Унгарын Будапештийн наадмаас эхлэн тус универсиадад хүч сорьж эхэлсэн түүхтэй.
Бэлтгэсэн: Б.Үүр