МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хүүхдийн зохиолч, Монголын Радиогийн орон нутаг дахь сэтгүүлч, Архангай аймгийн утга зохиолын "ХАНТАМИР" төвийн ахмад гишүүн С.Бараанасан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн боллоо. Тэрбээр 1970-аад оны дундуур уран зохиолын ертөнцөд хүүхдийн зохиолоор "дуу шуутайхан" орж ирсэн уран бүтээлч бөгөөд "Шүүг шааг, шүжиг шажиг" номоороо тухайн үеийн АБЯ, Хэвлэлийн хүрээлэн, МЗЭ, МҮЭ-ээс хамтран зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж, уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Түүний хэд хэдэн шүлэг дуу 1970-1980 -аад оны сурах бичгүүд болон сургалтын хөтөлбөрт нийтлэгдэж байв. "Шүүг шааг, шүжиг шажиг" нэрээрээ үзэг нэгт нөхдөдөө ахайлуулсан тэрбээр "1975 оноос уран бүтээлээ эхэлж 10 гаруй номоо уншигч олондоо дээжилж, Сэтгүүл зүйн салбарт хагас зуун жилийг хөдөлмөр бүтээлээр дүүргэжээ. С.Бараанасан газар тариалангийн мэргэжилтэй ч бага залуугаасаа шүлэг, найраглал шимтэн сонсч, өөрөө мөр холбодог болжээ. 1970-аад оны үед Зохиолчдын эвлэлийн дарга байсан С.Удвал гуай Архангай аймгийн сонины редакцийн ажилтай танилцах үед “Архангайн үнэн” сонинд С.Бараанасангийн найман мөрт шүлэг хэвлэгдсэн байсныг харж, ихэд сайшаасан гэдэг. 1965 онд Хөдөө аж ахуйн техникумд элссэн тэрбээр төгсөөд 1968 онд “Архангайн үнэн” сонины сурвалжлагч болж, ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. 1977 онд Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага “МОНЦАМЭ” агентлагын Хөдөө аж ахуйн албанд томилогдож байжээ.