Баяр наадмын шагайн харвааны ахмадын ангилалд 28 баг оролцож, аваргаа тодруулсан. Дундговь аймгийн Г.Тогтохбүрэн ахлагчтай “Дэлгэр ЛуусАдаацаг” багийнхан энэ удаа түрүү байрын эзэн боллоо. Тэднээс аймгийн гоц мэргэн П.Амгаланбаатартай хөөрөлдсөн юм.
-Дундговь аймгийн ахмад харваачид түрүүлж, залуус нь удааллаа. Нутгийн зон олон тань сэтгэл өндөр угтав уу?
-Бид өнгөрсөн хавар шагайн харвааны УАШТ-д оролцож, багаараа IV байрт шалгарсан. Тиймээс наадамд амжилтаа ахиулах зорилготой ирцгээсэн юм. Манай багийнхан нутагтаа бол өөр хоорондоо ширүүхэн өрсөлддөг.
-Та багийнхантайгаа улсын наадмын шагайн харваанд цэц сорихоор жил бүр ирдэг үү?
-Миний хувьд анх удаа оролцлоо. Дэлгэрцогт сумаас Монгол Улсын хошой мэргэн Ж.Дашдорж бид хоёр тоглосон. Монголчуудаас өөр үндэстэн шагай харваж нааддаггүй. Үндэсний түүх соёл, ёс заншил, уламжлалт тоглоомоо хүндлэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэхийг гайхамшиг гэж боддог. Манай багийн дөрвөн харваач хонь хариулж яваад л наадмын харваанд оролцсон. Мал маллах их ажлын хажуугаар бэлтгэл ховор хийж, түрүүлэхэд өв нь хадгалагдаж үлдсэн гэсэн үг. Түүнээс биш спортын бусад төрлийн тамирчид малын бэлчээртбэлтгэл хийж, тэмцээнд оролцвол амжилт гаргахгүй. Үндэсний спортын давуу тал ерөөсөө энэ шүү дээ.
-Багийн тань харваачдаас хамгийн өндөр настай нь хэн байв?
-Дундговь аймгийн Луус сумын харьяат, өдгөө 86 настай Монгол Улсын харьшгүй мэргэн З.Цэрэндорж хэмээх сайхан буурал бий. Тэрбээр наадмын гурван өдөр шагай харвахдаа сум алдаагүй. Түүнээс гадна Монгол Улсын хошой мэргэн Ж.Дашдорж багаа түрүүлэхэд их нөлөөлсөн. Манай багийн харваачдаас хоёр нь улсын цолтой. Бусад нь аймгийн мэргэн.
-Таныг дуурайгаад хүүхдүүд тань шагай харвадаг болсон биз?
-Манай хүүхдүүдийн олонх нь охин. Ач, зээ нар минь миний шагай харвахыг харж өслөө. Тэднээс шаггүй шагайн харваач төрнө гэж найддаг. Миний багшийг Найдан гэдэг. Надад энэ спортын эрдмээс харамгүй заасан. Багшийнхаа удирдлагад хичээллэхээсээ өмнө сумынхаа харваачдаас шагай харвахыг анх сурч билээ. Наадмаар шавиа түрүүлэхийг багш минь тэнгэрийн орноос харж, баяссан байх аа.