Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, АПУ ХК-ийн багийн харваачид III байр эзэлсэн билээ. Насанд хүрэгчдийн ангиллын УАШТ-д цөөнгүй тэргүүлсэн тэд баяр наадмын шагайн харваанаас 2019 онд мөнгө, энэ жил хүрэл медаль гардсан. Тус багийн ахлагч С.Ямааранзтай хөөрөлдсөнөө хүргэе.
-Үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн “Алдар”-ынхан энэ удаа ч гэсэн улсын аварга багаа баталж, эхний гурван байрт шалгарч байдаг шүү.
-Манайхан улсын наадмын шагайн харваанд олон жил цэц сорилоо. Энэ жил өнгөтэй, өөдрөг наадлаа. Өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагайн харваачдад улсын цол олгодог болсон тул баг бүр бэлтгэлээ сайтар базааж, ана мана өрсөлдсөн. Бид олон багийг ардаа орхиж, хүрэл медаль гардсандаа сэтгэл хангалуун байгаа шүү.
-Та багаа олон жил ахаллаа. Өнгөрсөн хугацаанд цөөнгүй түрүүлж, үзүүрлэсэн санагдана.
-Би улсын наадмын шагайн харвааны тэмцээнд 12 жил оролцохдоо нэг удаа түрүүлж, гурван удаа шөвгөрсөн. Багийнхантайгаа 2019 оноос хойш дөрвөн жилийн дараа хүрэл медаль зүүв. Түрүүлэх багийнхны харваа цаанаа өөр байдаг. Өмнөговь аймгийн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь транс” багийнхан маш сайн тоглолоо. Тэд энэ жилийн УАШТ-ий харваанд шигшээ наймд үлдсэн юм. Манайханд түрүүлэх боломж нэгээхэн ч өгсөнгүй. Нэг ч сум алдалгүй харваж, тэргүүн байрт шалгарлаа.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар аймгийн харваачид байсан бэ?
-Шигшээ наймд шалгарсан багууд эн тэнцүү өрсөлдсөн. Шигшээ дөрөвт Өмнөговиос хоёр, Дундговь, Архангай аймгаас тус бүр нэг баг шалгарч, аваргын төлөө өрсөлдлөө.
-Багийн тань харваачдаас улсын цол хүртэв үү?
-Биднээс хоёр нь улсын цол хүртэж, багийнхнаа баярлуулсан. Нэг нь Монгол Ул-сын хошой, нөгөө гарамгай мэргэн цолтон боллоо. Бусад нь чимэг нэмсэн. “Алдар” спорт хороо, АПУ ХК-ийн баг зургаан улсын цолтон, хоёр аймгийн цолтой харваачтай. Аймгийн цолтой харваачид энэ өдрөөс хойш улсын цолтнуудын эгнээнд жагсаж байна. Би 2009 онд Монгол Улсын үлэмж дархан мэргэн цол хүртсэн. Наадам өндөрлөсний дараа багийнхаа харваачдаас, мөн байгууллагынхаа хамт олноос урмын үг сонсож, эрч хүч авлаа. Бид наадмаас өмнө Төв аймгийн Эрдэнэсант сумыг зорьж, Бадын бөөрийн тойром харваанд оролцохдоо хүрэл медаль хүртсэн. Тэндээс ирээд Тэрэлжид 14 хоног бэлтгэл хийсний үр дүн гарлаа. Энэ ташрамд, багийнхандаа “Та нар итгэлийг минь алдалгүй амжилттай тоглосон шүү, баярлалаа” гэж хэлье.
-Багийнхантайгаа бэлтгэл хийсэн газраа бэлгэшээн эргэж тойрсон биз дээ?
-Бид Тэрэлжид сүүлийн найман жил бэлт гэл хийлээ. Аав минь намайг шагайн хар ваатай нөхөрлүүлж, амжилтад хүргэсэн дээ. Миний төрсөн ах шагай харвадаг. Аав, ахыгаа дагаж үндэсний спортод хөл тавьсан цагаас суралцан, үлгэр дуурайл авч өдий зэрэгт хүрлээ.