АНУ-ын Индиана мужийн Валпарайсо хотын цагдаагийн ажилтнууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан Монголын хоёр иргэнийг өнгөрсөн сарын 27-нд саатуулжээ. “Линколнвэй”-д байрладаг шатахуун түгээх станцын түгээгч цагдаагийн байгууллага руу утасдаж, замынх нь эсрэг талд машин онхолдсон тухай мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд очиход замын зүүн талын хашлагыг эвдсэн машин далан руу гулсаж, онхолдсон байжээ.
Цагдаагийн ажилтан “The Times” сонинд “47 настай Б.Цэрэнжанхар, 46 настай М.Хангай нар хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. “Тэд Чикаго руу явж байгаад замын хальтиргаанаас болж далан руу унажээ. Англиар тааруухан ярьдаг, зөвхөн төрсөн он, сар, өдрөө л хэлж дөнгөсөн. Машиныг Б.Цэрэнжанхар жолоодож явсан, түүнээс архи үнэртэж байсан. Тэдэнд жолооны үнэмлэх байгаагүй, Монгол Улсын иргэний гадаад паспортоос өөр ямар ч бичиг баримтгүй явсан” гэж ярьсан байна. Тэднийг осолдсон газрын ойролцоох эмнэлэгт аваачсан бөгөөд Б.Цэрэнжанхарын цусан дахь спиртийн хэмжээ нь зохих хэмжээнээс гурав дахин өндөр байсан гэнэ.
Цагдаагийнхны тайлбарласнаар Б.Цэрэнжанхарыг “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, үнэмлэхгүй байсан” гэсэн үндэслэлээр буруутгаж буй аж. Харин М.Хангай нь Индиана болон Иллиноис мужид гэмт хэрэг үйлдээд оргон зайлжээ. Цагдаагийнхан “М.Хангай саатуулагдсаныхаа дараа “Вашингтон дахь Монголын Элчин сайдын яамныханд мэдэгдэхгүй байхыг хүссэн. Бид Монголын Элчингийнхэнтэй холбоо барих гээд чадаагүй” гэж мэдээлэл өгсөн гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрынхнаас лавлахад “Энэ тухай мэдээлэл байгаа. Гэхдээ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Г.РАВЖАА