Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг тав дахь жилдээ Алаг-Эрдэнэ сумын 5-р багийн нутаг “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Сарлаг наадам 2023” арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран өчигдөр /2023.07.19/ “Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хурлыг Алаг-Эрдэнэ сумын соёлын төвд амжилттай зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчид, аймаг, сумын удирдлага, эрдэмтэн судлаач, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүмүүс оролцож сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малчдын орлогыг өсгөх боломж нөхцөл, арга ажиллагааны талаар хэлэлцсэн юм.
“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул “Дотор махны хэрэглээ боловсруулах технологи”, Ц.Ганболд эрхлэгчтэй Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Ноос ноолуур судлалын салбарын судлаачид “Сарлагийн хөөврийн үйлдвэрлэл Иноваци”, ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал”, Сарлагийн хөөврийг дагнан судалж байгаа Эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Батчимэг “Сарлагийн хөөврийн шинж чанарын онцлог хэрэглээ, “Жинст Мөрөн” ХХК-ийн захирал Г.Амарболд “Кластер үйлдвэрийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
Төв азийн 10 хүрэхгүй оронд нийт 14 сая толгой сарлаг байдгаас 90 хүртэл хувь нь Хятад, Монгол улсад байдаг байна. 2022 онд Монгол улс нийт 1 сая 330 мянган толгой сарлаг тоолуулжээ. Гэвч сарлагийн хөөвөр, сүү саалийг нь бүрэн авч ашиглаж чаддаггүй тухай судлаач Г.Батчимэг илтгэлдээ онцоллоо. Мөн сарлагийн хөөврийг сайн судалбал нарны хэт ягаан туяа, цацраг идэвхт долгион зэргээс хамгаалдаг, хорт хавдрыг саармагжуулдаг меламин гэдэг бодис байдгийг онцлоод нарийвчлан судалж үр дүнд хүрч байгаагаа мэдэгдлээ. Тиймээс ч сарлагийн хөөвөр алтнаас илүү үнэтэй болох цаг хугацаа ойрхон гэв. Мөн ШУТИС-ийн Үйлдвэрийн сургуулийн био технологи Шим тэжээлийн салбарын эрхлэгч, доктор, профессор Б.Майзул малын дотор махыг сүүлийн үед хот сууриныхан, хүүхэд залуус бага хэрэглэж, зарим нь татгалзахад хүрээд байгаа дотор маханд хүний биед нэн чухал ихэнх эрдсүүд байдаг, зөв зохистой хэрэглэж, ашиглавал үнэтэй витамин худалдан авах хэрэглээ багасна.
Малын дотор гэдэс уураг агуулж байдаг. Амталж хатаасан гэдсэнд 60-70 хувийн уураг агуулагддаг. Магадгүй, дотор мах, малын өөхийг ач тусгүй гэж ярьж сурталчилж байгаа бол гаднын бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн бизнес ч байж болох юм. Дотор гэдэснээс хаях нэг ч эд байдаггүй. Бүгдийг хатаагаад чипс, гоймон шиг болгож хэрэглэвэл амин дэм өндөртэй, борлуулалт сайтай бүтээгдэхүүн болно” гэж байсан юм.
Малын тоо толгойгоор аймагтаа тавд багтдаг Алаг-Эрдэнэ сумын нийт малын 10 хувь нь үхэр сүрэг. Үхэр сүргийн ихэнх нь сарлаг эзэлдэг байна. Тиймээс ч зах зээлд үнэлгээгээрээ ноолуурын дараа ордог хөөврөөс эхлээд сарлагийн мах, цагаан идээний гарц, ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэхдээ шинжлэх ухаанд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлж, дэлхийн зах зээлд брэнд бүтээгдэхүүн гаргах зорилт тавьж, “Хөх сарлаг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Хөгжлийн гарц” эрдэм шинжилгээний хуралд Хөвсгөл аймгийн Засаг дарга асан, АИТХ-ын төлөөлөгч Ш.Идэрбаясгалан оролцож, “Сарлаг үхрээс олон төрлийн ашиг шим гарах боломжтой. Мах сүүний чанараараа гайхагддаг гэдгийг хүн бүр мэднэ. Зөвхөн хөөврийг ашиглаад ямар олон төрлийн хувцас хэрэгсэл хийж борлуулж болдог гэдгийг “Жинст Мөрөн” ХХК таниулан түгээж байна. Энэ бол нэг жишээ. Цаашлаад бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж өргөн байгаа. Тэднийг ашиглаж түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож Монголдоо, цаашлаад дэлхийд танилцуулах нь чухал байна. Энэ дээр тал дээр малчидтайгаа хамтарч, хөдөлмөрөө хоршиж байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцоллоо. Мөн “Сарлаг үхрийн ашиг шим үр өгөөж малчдад шууд очих ёстой. Малын түүхий эдийг аж ахуй эрхлэгчид авч боловсруулж, эрдэмтдийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж хамтын ажиллагаанд тулгуурлан үр өгөөж хүртэх нь зөв. Мөн сарлаг үхрээ өсгөн үржүүлж байгаа малчдаа урамшуулж байх ёстой” гэсэн юм.
Хуралд оролцсон малчид, аймаг, сумын удирдлага, орон нутгийн бизнес эрхлэгчид, иргэдэд хандан ХБНГУ-ын Макс планкийн Гео антропологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ж.Баярсайхан “Монгол нутаг дахь эртний нүүдэлчид Сарлагийн үхрийг гэршүүлсэн он цаг ба түүх археологийн баримтууд цаашид анхаарах асуудал” илтгэлийнхээ төгсгөлд “Соёлын өв уствал хэзээ ч нөхөн сэргээдэггүй. Соёлын өвийг мэргэжлийн хүмүүс судлаад музей болгон соёлын аялал жуулчлалд ашиглаад шинжлэх ухааны үнэ цэнийг нь гаргах юм бол соёлын үнэ цэнэ оршино. Түүх соёлоо хайрлана гэдэг бол залуу үеэ хүмүүжүүлж төлөвшүүлэхээс эхэлнэ. Тиймээс хүүхэд багачууддаа түүх соёл, өв уламжлалын танин мэдэхүйн ач холбогдлын талаар байнга ярьж, сануулж байхыг уриалав.