Цастай гудамж гантиг шиг цайрч
Цацрах гэрлээр туяарч мишээгээд...
Шинэ жилийн баяр, хоёр он солигдох торгон мөчийг догдлон хүлээх цаанаа л сайхан. Тэнгэрээс будрах цасан ширхэг бусад үеийнхээс илүү гялалзах шиг, айл айлын цонхоор сүлд модны гэрэл анивчин туяараад л... Хүүхэд байхдаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-ний өглөө сэрмэгц орноосоо ухасхийн босоод цонхны дэргэд зассан гацуур руугаа харайдаг байж билээ. Тэнд бор цаасан ууттай бэлэг байх. Түүн доторх алим, мандарин, баавгайтай чихэр, вафли хачин гоё амттайг яана. Хүүхэд насандаа эргэн очоод тэр л ууттай бэлгийг авахсан гэж би одоо ч хүсдэг. Тэр үед манай гэр бүлийн шинэ жилийн баярыг сонирхолтой болгодог зүйлсийн нэг нь бенгалын гал байлаа. Даанч тэр нь шинэ жил бүрээр олдохгүй. Аав Дарханы орос дэлгүүрийн үүдийг сахин, тийш орох эрхтэй хүмүүст хэд гурван цаас атгуулж байж, тэр ховор эдийг олж ирнэ. Бенгалын галтай шинэ жилээр хөл газар хүрэхгүй дээ. Ойр хавийн хүүхдүүд манайд шавж, дүү бид нар шидэт галаа асааж гайхуулаад л ...
Харин одоо бенгалын гал тоодог хүүхэд байхгүй болж. Тэнгэрт цойлон тэсэрдэг, өнгө өнгийн гэрэл цацардаг, янз бүрийн хэлбэр дүрс гаргадаг гээд зүсэн зүйлийн салютыг хэн дуртай нь хүссэн үедээ хаа ч хамаагүй бууддаг боллоо. Төрсөн өдөр, байгууллагын ой, шинэ жил, шоу цэнгээн гээд элдэв тэмдэглэлт ойг салютгүйгээр тэмдэглэвэл утгаа алдах мэт санав. Эгээтэй л цагаан сараар салют буудуулсангүй. Замбараагүй загнасны гор гарлаа. 2011 он гарах мөчийг секунд тоолон хүлээж байсан агшинд салют тэнгэрт биш гарт тэсэрснээс болж нэг охин амиа алдан, 10 залуу хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд орчихов. Хүмүүсийн баяр хөөр түгшүүрээр солигдон, телевизээр дамжуулах сэрэмжлүүлгийг амьсгаа даран сонсож, хэвлэлийн бараан мэдээг халаглан уншлаа. Яагаад ийм явдал болов. Энэ асуултын хариултыг эрэн, цөөнгүй газрын хаалга онголзуулж, олон ч хүний дургүйг хүргэв. ГЕГ, нийслэлийн Онцгой байдлын болон Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд салют, мэргэжлийнхний үгээр бол пиротехникийн хэрэгслийн худалдаанд хяналт тавих байгууллага бишгүй ч бүгд л асуудлыг өөрөөсөө зайлуулж, өрөөл рүү бухлаа. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиар бол 20 метрээс их зайд аюул учруулах хүчин чадалтай бол үзвэрийн, 20 метрээс бага зайд аюул тарих чадалтай бол хэрэглээний ангилалд хамруулахаар заажээ. Баяр дээр баяр нэмж, хөөр хөгжөөнд хүч нэмэх учиртай салют, тэсэрч дэлбэрч гэрэл гаргадаг бялтыг үйлдвэрлэгч гол орон нь Хятад. Үүнийг үйлдвэрлэдэг улс тун цөөн. Ихэнх нь нутаг дэвсгэртээ пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэхээс татгалзаж, хуулиараа хорьсон байдаг. Манай улс ч тэдний нэг.
Салют дэлбэрсэн нь зөвхөн манай улсад тохиолдсон гамшиг бишийг жилийн өмнө олон улсын мэдээллийн агентлагууд зарласан. Укрианы нийслэлд 2011 он айлчилсан эхний мөчид салют буудуулсан эр толгойдоо хүнд шархдан амиа алдсан бол Крымд болсон “Казантов” хэмээх баярын үеэр салютнаас болж олон хүн гэмтэж түлэгджээ. Үүний улмаас цагдаа нар баярыг хүчээр тараасан тухай НТВ тухайн үед дамжуулсан. Харин Монголд арай илүү хохирол учирчээ. “Ингэнэ гэж хэн санах вэ дээ” хэмээн харамсаж суугаа залуусийг яалтай. “Тэгнэ гэж хэн ч санахгүй нь ойлгомжтой. Тиймээс ч бид ингэнэ шүү гэж байнга л сэрэмжлүүлж, хэвлэлийн та нар түүнийг дамжуулж ирсэн. Тахир татуу болсон хойноо хянасангүй, цагдсангүй гэж төрийн байгууллагууд руу давшилж байхаар нээрээ ч тэгэх вий гэж сэрэмжлэх учиртай байсан юм. Эцсийн эцэст хүн өөрийгөө хамгаалах ёстой. Тэд өөрийгөө хайрлахгүй байхад бид яах юм бэ” хэмээн албаныхан зандарч байна. Үнэн л үг. Санал нийлж байна аа. Гэхдээ хүн бүр өөрийгөө хамгаалаад болоод байдаг бол цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдал, хилийн цэрэг, гадаадын иргэн харьяатын алба гээд энэ олон хяналтын байгууллага яах гэж байгаа юм бэ.
Хүн гэж амьтан аюултай нүүр тулж байж л ухаардаг нь хөөрхий. Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Э-ийн хоёр гар түлэгдэж, бугалгаараа тасарч унажээ. Азаар эмч нар түүний бугалгыг залгасан байна. Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц салютанд түлэгдэж, гараа бугуйнаас нь урагш тайруулав. Салют дэлбэрсний улмаас тасарсан эрхтэнг буцааж залгах, бүрэн нөхөн сэргээх боломж бараг байхгүй гэж ГССҮТ-ийн эмч хэлээд мөрөө хавчсан. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сум, нийслэлийн Налайх дvvрэг зэрэг хөдөө орон нутгаас ч салютанд тvлэгдсэн хvн тус төвд ирсэн гэнэ. Орон нутгаас ирж буй хvмvvс хугацаа алдсанаас болоод шарх нь хvндэрсэн байна.
Монголчууд биднийг ингэж салютын аюулыг биеэр мэдрэхээс яг нэг жилийн өмнө Оросын хойд Уралын нийслэл Пермь хотын “Доголон морь” шөнийн клубт салют бууддаг төхөөрөмж дэлбэрч, түүний уршгаар түймэр гарсан. Энэ явдлаас болж 112 хүн амиа алдаж, 140 хүн шархадсан. Орос орон даяар тэр жилийн арванхоёрдугаар сарын 7-ныг гашуудлын өдөр болгож зарласан билээ. Үүнээс бид сургамж аваагүй. Ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, аюулаас сэрэмжлүүлэх учиртай байгууллагууд ч тэр явдлыг тоогоогүй. Тэгээд л олон монгол залуу гаргүй болж, хүүхэд амиа алдсан.
Энэ жил, хойшид энэ эмгэнэлт явдлыг давтах ёсгүй. Пиротехникийн хэрэгсэл бол чихэр биш учраас үйлдвэрлэх, импортлох, ашиглах асуудлыг тусгай дүрмээр зохицуулдаг. Энэ дүрмийг Засгийн газар батална. Засгийн газар 2006 онд 149 дүгээр тогтоолоор “Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрэм” баталжээ. Түүнд
“Монгол Улсад импортлох, ашиглах пиротехникийн хэрэгсэл нь олон улсын чанарын стандартыг хангасан байна. Пиротехникийн хэрэгслийг жижиглэн худалдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлсэн байна” гэж заажээ. Цагаан цаасан дээр хараар бичээд Ерөнхий сайд гарын үсэг зурсан энэ дүрэм огт хэрэгждэггүй. Чанартай байтлаа хүний гарт тэсэрч, дэлбэрнэ гэж үү. Салют жижиглэнгээр худалдаж буй дэлгүүр, иргэдийн бүртгэлийг мэргэжлийн хяналтын байгууллагаас олж үзсэнгүй. Харин “Бластик”, “Протек” гэж хоёр компани ЭБЭХЯ-ны зөвшөөрлөөр Хятадын улсын үйлдвэрээс пиротехникийн хэрэгсэл оруулж ирдэг юм билээ. ГЕГ-ын мэдээгээр “Бластик” компани 73 тн, “Протек” компани 30 тн салют, бялт оруулж иржээ. Үүнийгээ ганзагын наймаачид шиг нууж хааж авчирдаггүй учраас замдаа гэмтдэггүй, баталгаатай гэнэ. “Хэрвээ энэ хоёр компанийн салют ямар нэг асуудал дэгдээвэл манайхтай хариуцлага тооцож болно” гэж МХЕГ-ын байцаагч бардав.
Харин хилээр хааж, нуугаад оруулаад ирсэн чанарын баталгаагүй, ямар ч зааваргүй, байсан ч тэр нь хятад хэл дээр болохоор ойлгох аргагүй салют, бялт, бенгалын галыг л хилээр оруулахыг хориглох ёстой гэж мэргэжлийн хяналт, цагдаагийнхан үзэж байна. Гаалийнхан хянаж чадалгүй оруулсан бол авчраад худалдаж буйг нь цагдаа нар хураах ёстой гэж хяналтынхан хэлсэн. Харин гаалийнхан “Бид хүн бүрийн чемодан цүнхийг ухах боломжгүй. Тэгээд ч хил дээр мэргэжлийн хяналтынхан хамгийн түрүүнд шалгалт хийдэг. Тэнд гаалийн зургаан байцаагч байхад мэргэжлийн хяналтынх 30 ажилладаг” гэж гаальчид ярив. Цагдаагийнхан болохоор “Худалдах ёсгүй юм бол хилээр оруулахгүй л байх ёстой. Бид тэр бүрийг шалгаад, хураагаад байж хүчрэхгүй” гэв. Биднийг хамгаалах учиртай өнөө хүмүүс маань иймэрхүү л юм ярьж байна.
“Пиротехникийн хэрэгслийг үзвэрийн зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагад үзвэр зохион байгуулахаас гурваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлнэ”, “Хэрэглээний болон үзвэрийн пиротехникийн хэрэгслийг ашиглах заавар, аюулгүй ажиллагааны заавартай нь хамт худалдана” гээд хэрэгжүүлдэг бол уг нь журам хангалттай байна. Мэргэжлийн хvмvvс салютыг монгол заавар, санамжтай, баталгаат хугацаатай байх ёстой гэж шаарддаг ч бидний хаанаас ч хамаагүй худалдаж аваад буудуулдаг салют хятад бичигтэй байдаг шүү дээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт гар дээрээс салют худалдах, орон сууц, гэр хороолол, үзвэр, үйлчилгээний газар, олон хүн цугласан газарт салют буудуулахыг энэ онд НИТХ, нийслэлийн Засаг дарга хориглосон. Энэ шийдвэрийг хэрэгжүүлээсэй дээ. Нийслэлд хэрэгжлээ гэхэд хөдөөгийнхөн яах бол. Өнгөрсөн жил хөдөө ч бас олон хүн салютанд түлэгдэж, эд эрхтэнээсээ салсныг мартамгүй.
Х.БОЛОРМАА