Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” хэмээх заалт бий. Үндсэн хуулийг дархлаатай байлгаж, тогтвортой мөрдөхөд чиглэсэн, “түгжээ” гэж ч тодорхойлдог л заалтыг хүчингүй болгох төслийг Засгийн газар санаачилжээ. Өдгөө л төсөлд олон нийтээс санал авах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй бөгөөд УИХ-ын ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна. Өнгөрсөн тавдугаар сард баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх жагсаалтад ч тус төслийг оруулсан байгаа юм.
Ийм төсөл санаачилсан шалтгаанаа эрх баригчид Үндсэн хуулийн 69.3 дахь заалтыг үндэслэн тайлбарлаж буй. Тодруулбал, тус заалтаар ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон тул дээрх хуулиар найман жилийн хязгаарлалт тавьсан нь Үндсэн хуулийн үзэл санаанаас давсан хэрэг гэж үзсэн байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт санаачлах Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрхэд халдаж байна хэмээн дээрх төслийг боловсруулжээ.