Монголын дугуйн спортын улсын шигшээ багийн тамирчид БНХАУ-д энэ сарын 9-16-нд зохион байгуулсан олон улсын “Tour of Qinghai lake” тэмцээнд 17 орны 24 багийн 168 тамирчинтай хурд сорилоо. Олон улсын дугуйн холбооноос энэ жил олон улсын, олон өдрийн томоохон тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн тамирчдад Парисын олимпод оролцох эрхийн оноо олгож буй. Манай дугуйчдаас дээрх тэмцээний долоо дахь өдрийн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн мөнгөн медаль хүртэв. Тэрбээр уралдааны эхэнд өрсөлдөгчдөөсөө тасарч, урагшлан II байрт шалгарснаар манайхан олимпын эрхийн оноогоо ахиулжээ.