Та бидний харж буй энэхүү загал нь төрийнхөө наадамд 15 дахь жилдээ оролцжээ. Тэтгэвэрт гарах хугацаа нь болсон хэдий ч ижил сүрэгтээ хайртай, дайчдадаа дассан сэтгэл нь төрийн наадмын зүг чиглүүлсээр л байдаг ажээ. Анх энэхүү бор морийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ч.Баярсайхан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ажилсаг, хөдөлмөрчөөрөө нутагтаа алдартай нэгэн малчны хотоос өөрийн биеэр очиж, нүдэлж авч байсан түүхтэй. Тэр цагаас хойш тасралтгүйгээр 15 дахь жилдээ Төрийн их наадамдаа оролцсон юм.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үе үеийн захирагч нар төрийн хонжин хэмээх эрхэм үүрэг хүлээдэг бөгөөд хурандаа Ч.Баярсайхан гурван жил, хурандаа Л.Батболд долоон жил, хурандаа Ж.Мөнхбаяр гурван жил, хурандаа М.Болдбаатар хоёр дахь жилдээ хүлээлгэсэн нь энэ.
Уг нь өнгөрсөн жилийн наадам буюу Ардын хувьсгалын 100, 101 жилийн их баяртаа сүүлийн удаа үүрэг гүйцэтгүүлээд тэтгэвэрт гаргана гэж байсан ч энэ жил ижил сүргээсээ огтхон ч холдож чадаагүй гэхээр дэндүү хайрлам. Хэдий нас өндөр болсон ч гүйцэтгэл сайн, үргэж мэдэхгүй, жагсаалч, эзэндээ ээлтэй, Төрийн тугийг залах, цэнгүүлэхэд гаршиж, наадам бүрээр төрийн хонжинтойгоо омогшил, бахархалтайгаар наадамчин олныхоо өмнө гарч ирдэг нь яахын аргагүй төрийн хүлэг гэдгийг нь нотлох биз ээ.