БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж буй дайчид Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Бэсрэг наадам”-аа хийлээ.
Тус ангийн захирагч, дэд хурандаа Д.Бямба дайчдын наадмыг нээж “Тулгар төрийн 2232 Их Монгол Улс үүсэн байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баярын мэндийг эрхэм түрүүч, байлдагч нартаа хүргэе. Хугацаат цэргийн алба хаагчид Та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд манлайлах ёстой” хэмээгээд уламжлалт баяр наадам, үндэсний ёс заншлаа эрхэмлэж явахыг захисан юм.
Бэсрэг наадмын хүчит 32 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батноров сумын харьяат дэд түрүүч Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Дорнод аймгийн Булган сумын харьяат байлдагч Г.Гансүх үзүүрлэж, дэд түрүүч С.Энхсүх, дэд түрүүч Г.Төртогтох нар шөвгөрлөө.
Шагайн харвааны цуваа харваагаар байлдагч Д.Ширнэнлүг тэргүүн байрт, байлдагч Б.Билгүүнбаяр дэд байрт тус тус шалгарав.
Үндэсний сур харвааны төрөлд байлдагч Д.Анхбаяр, байлдагч О.Эрдэнэсүмбэр нар цэц мэргэн байж, тэргүүн байруудыг эзэлсэн бөгөөд ангийн удирдлагууд эрийн гурван наадмаараа тэргүүлсэн дайчдад гарын бэлэг гардуулж баяр хүргэлээ.