Соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 205 хурдан буян бүртгүүлж, 122 нь гарааны зурхай руу мордсон. Улмаар энэ жилийн соёолонгийн түрүүг Дархан-Уул аймгийн Дархан сумын Г.Ариунболдын хээр морь авлаа. Аман хүзүүнд Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” ХХК-ийн уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёолон хурдалж, бахтай сайхан наадлаа.
Энэ жилийн хурдан соёолонгийн дунд хангайн бусийн уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын сартай хээр, урд жилийн хязаалангийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Тод манлай уач Туваанжавын Гантөмөрийн зээрд, улс, бүсийн айргийн эзэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Авирмэдийн Пүрэвсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Гансүхийн хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн халтар хээр, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Манлай уяач Нямдаваагийн Батбаярын хээр, Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр халзан, Булган аймгийн уугуул Гавьяат тамирчин Батбаярын Ариун- Эрдэнийн бор зэрэг улс, бүсийн уралдааны айраг, түрүү цуутай хүлэг уралдсан юм. Үндэсний их баяр наадмын соёолон насанд 205 хурдан буян бүртгүүлснээс 112 нь хэмжээст тэнцэж, ийнхүү шандасаа сорилоо. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдлаа.