Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал ажлын 60 хоногийн турш үргэлжилж, шүүгчид яг одоо шийдвэрээ танилцуулж байна. Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон 32 иргэн дөрвөн компанийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулж эхэллээ.
Тухайлбал,
-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 6 жилийн хорих ял оноолоо. Мөн үндэслэлгүйгээр нэмэгдсэн 73 сая төгрөгийн хөрөнгийг хурааж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болов.
-"Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 37 сая төгрөгөөр торгох,
-"НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох,
-"Алтай групп" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 25 сая төгрөгөөр торгох ял оноов.
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт холбогдсон 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруугийн дүгнэлтийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүх бүрэлдэхүүн танилцуулсан билээ. Нийт 48 хүнийг цагаатгаж, 32 хүн дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ноос Хөгжлийн Банкны гэх тодотголтойгоор эхэлсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан гэм буруутайд тооцогдсон 32 иргэн, дөрвөн компанийн шүүхийн шийдвэрийг танилцуулснаар ийнхүү өндөрлөхөөр боллоо. Уг шүүх хурал дөрөвдүгээр сарын 17-нөөс эхэлсэн билээ.