Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй 2023 оны зургадугаар сарын 7-ны өдөр уулзлаа.
Уулзалтад ГБХЗХГ, НЗДТГ, Монголын соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл, Монголын Залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төв, Бодлогод залуусын хяналт зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБХАС-гийн шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа, тус сангийн залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Баттуяа зэрэг төр, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирж хуулийн нэмэлт, өөрчлөлт болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсныг дагалдуулан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиг үүргийг өөрчлөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгосонтой холбогдуулан залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах шаардлагатай болоод байгаа талаар дурдлаа.
Оролцогчид Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн болон залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын бүтэц, тогтолцооны талаар санал дүгнэлтээ хэлж, иргэний нийгмийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс дэмжих шаардлагатай байгаа талаар үзэл бодлоо илэрхийллээ.
Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан залуучуудад хүрэх хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс мэргэжлийн, туршлагатай төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг дэмжихээр тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан гэдгийг онцоллоо.
Мөн ирэх наймдугаар сард болох Монголын залуучуудын өдрөөр төр, төрийн бус, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан Залуучуудын хөгжлийн нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, бодлого, эрх зүйн шинэчлэл хийн ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.