УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Тиймээс уг хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүр хориг тавихаа мэдэгджээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина" гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа" хэмээн нүүр номдоо бичжээ.
Түүнчлэн эл мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өлгөн авч "Цахим хуудсаараа дамжуулж хоёр өдрийн өмнө олон түмэнд илчилсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагуулж өргөн барьсан гадаад улсын аж ахуйн нэгжид 100 жилээр газар ашиглуулах Газрын хуулийн төслийг баталбал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаа урьдчилан зарлалаа. Ч.Хүрэлбаатарын “хуулийн хулгай” хийх оролдлого таслан зогсоогдов" хэмээн бичжээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын 21 гишүүн Газрын тухай хуулийн төслийг санаачилсан. Үүнийг нь олон нийт эсэргүүцэж, эргүүлэн татах шаардлага өгсөн ч хүлээж авахгүй байсан юм.