Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллагуудын сүлжээг бий болгохоор ажиллаж байна.
Төслийн Удирдах хороо (JCC) нь жилдээ 2 удаа хуралдаж төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хянадаг бөгөөд бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ, олон улсын байгууллагын төлөөллүүд багтдаг. Энэ хүрээнд 5 дахь удаагийн ээлжит хурлыг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, 2022 оны арванхоёрдугаар сараас 2023 оны зургадугаар сар хүртэлх үйл ажиллагааны тайлан, 2023 оны долдугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх 66 ажлын байрны дадлагажуулагч, 8 сургагч багш, 38 ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөц бэлтгэгдээд байна. Мөн ажлын байрны дадлагажуудагчийн үйл ажиллагааг танилцуулах анхан шатны семинарт 121 хүн, ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинарт 141 ААНБ-ын төлөөллүүд оролцоод байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн A/16 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн удирдамж”-д “Ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээ”-г тусгасан. Тодруулбал, тус удирдамжид албан ёсны өргөдлийн маягт, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, санхүүгийн дэмжлэгийн дээд хязгаарыг тодорхой болгох, дэмжлэг үзүүлэх хүний тооны хязгаарыг цуцлах зэргээр санхүүгийн дэмжлэгийн тогтолцоог нарийвчлан тусгасан.
Төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага, МАОЭНХ, МҮХАҮТ зэрэг нийт гишүүдийн хамтын ажиллагаа, манлайлал нэн чухал болохыг Төслийн удирдах хорооны дарга, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир хурлын үеэр онцоллоо.