Аймгийн 100 жилийн ойд зориулж гаргасан маркийг худалдаанд гаргах нээлтийн үйл ажиллагаа Улиастайд боллоо.
Монгол улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1126 дахь марк Завхан аймгаар овоглогдон 2023 оны 7-р сарын 3-ны өдрөөс худалдаанд гарч эхэллээ. Түүхэн ёслолын нээлтийг Улиастай хотод хийж, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр , “Монгол шуудан ХК “-ийн захирал Б.Анхбаатар нар оролцсон юм. Ёслолын үеэр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар түүхт ойд зориулсан марк нь захидлын дугтуйд наагдах эрх албан ёсоор үүсэж байгаа юм.
Энэхүү маркийн үндсэн хэмжээ нь 30мм*30мм бөгөөд 20000 ширхэг хэвлэгджээ. Маркийн зураачаар зураач Г.Баттөр ажилласан байна.
Маркийн эх загварыг аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.