Европын Холбооны Гадаад харилцааны алба (ЕХГХА)-ны Гадаад харилцаа, аюулгүй байдал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Санниногийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ. 2018 оноос хойш буюу “Ковид-19” цар тахлын дараа тус холбооны зүгээс Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал болж буйгаараа энэ нь онцлог юм. Тэрбээр долдугаар сарын 7 хүртэл манай улсад ажлын айлчлал хийх хугацаандаа шийдвэр гаргагчид болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс, Европын Холбоо хоорондын стратегийн түншлэлийг өргөжүүлэх, дэлхийн геополитикийн сорилт бэрхшээл, олон талт үзэл, энхийг сахиулах үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зэрэг асуудлаар санал солилцож, хэлэлцээ хийх юм байна. Монгол Улс болон Европын Холбоо анх 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллаж иржээ. Тус холбоо 2017 онд Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээснээс хойш талуудын харилцаа хурдацтай өргөжин тэлж буй.
ЕХГХА нь дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, Европын Холбооны ашиг сонирхлыг дэмжих зорилгоор нийтлэг бодлогыг хэрэгжүүлдэг дипломат алба юм. Стефано Саннино нь Европын Холбооны харьяа байгууллагууд, гишүүн болон гуравдагч орнууд, гадаад орон дахь Төлөөлөгчийн газартай улс төрийн яриа хэлэлцээр хийх замаар гадаад бодлогын үр дүнтэй зохицуулалтыг ханган, стратегийн чиглэл өгч ажилладаг аж. Европын Холбоо нь тус тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл билээ.