Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаа 2023 оны туршид зохион байгуулагдаж байна. Төлөвлөгөөний дагуу сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” аяны үйл ажиллагаа эхэллээ. ДЭМБ-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэдгийг дурдаж байна. Тодруулбал, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь (нийт хүн амын 3.8% нь) сэтгэл түгших, 264 сая нь (нийт хүн амын 3.4% нь) сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байжээ. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээллээ. Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалтын судалгааг 2013 онд хийжээ. Тус судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан. Өөрөөр хэлбэл, 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна. Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, олон салбарын оролцоог хангах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” нөлөөллийн аяныг эхлүүллээ.