Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.101, мөрдөн байцаалтын 1479 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 210, Өмчлөх эрхийн эсрэг 114, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 18, Авлига, албан тушаалын 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, нийт 406 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н, Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн дарга С.Б, Эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Д.Б, ерөнхий нягтлан бодогч П.Э, технологи автомашин засварын хэлтсийн засварчин Т.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер сонгон шалгаруулалт зохион байгуулалгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгон худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэн Л нь БНТУ-ын Истанбул хотод Монгол Улсын иргэн М, Н нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, нүцгэн байхад нь зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, хувь хүний нууцад халдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 /Хүчиндэх/, 13.10 дугаар зүйлийн 1 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйлийн 1 /Хувь хүний нууцыг задруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.