"Хааны эрэлд-2023” энхийг дэмжих олон улсын сургуулийн хаалтын ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Монгол Улсад суугаа Элчин сайд, цэргийн атташе нар, бусад хүндэт зочид оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлаж, энх тайван, амар амгалан амьдралд тэмүүлж байгаа улс орон, ард түмэнд тусалж дэмжихийг эрмэлзэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргийн алба хаагчдаа илгээж эхэлснээс хойш 20 жилийг үдэж байна. Олон улсын түвшинд танигдсан энэхүү сургууль нь энхийг сахиулагчдад мэдлэг, дадлага, туршлагаа харилцан солилцож, энхийн төлөө үйлсэд журмын анд нөхөд болж, цаашид хамтран үүрэг гүйцэтгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэн, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Даян дэлхийн энх тайвны төлөө эвлэлдэн нэгдсэн цэнхэр дуулгатнуудын хуран чуулдаг “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай зохион байгуулагдан өндөрлөж байна. Энэ удаагийн сургуульд Монгол Улсаас гадна АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Энэтхэг, Бангладеш, Малайз, Австрали, Швед, Франц, Турк, Канад, Катар Сингапур, Балба зэрэг 26 улсын нийт 1100 гаруй цэргийн алба хаагч ирж оролцлоо” хэмээн хэлсэн юм.
Мөн чадавхыг нэмэгдүүлэх сургуулийн хүрээнд 2 дахь жилдээ зохион байгуулагдсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалт нь энэ удаагийн сургуулийн онцлог үйл явдал байлаа.
Сургуулийн төгсгөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх генерал Бирам Диоп “Хааны эрэлд-2023” сургуулийн онцлог, ач холбогдлын талаар дурдаад, оролцсон нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсэж, талархал илэрхийлсэн юм.
Ахмад Г.Итгэл