Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилга байгууламжийн чанарын улсын форум-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга байгууламжийн чанарын улсын форум”-ийг 2020 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд тус форумаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, үр дүнг танилцуулах, чанарын хяналтыг нэмэгдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилга байгууламжийн чанарын улсын форум-2023” арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэхүү форумын хүрээнд 2023 оны 5, 6 дугаар саруудад
- “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, аюулгүй байдал”
- “Барилга байгууламжийн зураг төслийн чанар, хяналтын тогтолцоо”
- “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт”
- “Барилгын материалын үйлдвэрлэл, импортын бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдвүүдийн хүрээнд 4 салбар форумыг зохион байгуулсан бөгөөд салбарын 800 орчим төлөөлөл оролцож, чанар аюулгүй, хяналт, хэрэгжилтийн чиглэлд зөвлөмж, шийдвэр гаргахад оролцож байна.
Форумд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтнууд гээд салбарын 600 орчим төлөөлөгч нар оролцож байна.
Тус форумаар Барилга байгууламжийн чанарын 2020 онд зохион байгуулагдсан “Барилгын чанарын улсын зөвлөгөөн”-өөс гарсан зөвлөмжийн биелэлт, хэрэгжилт болон 2023 онд зохион байгуулагдсан салбар форумуудаас гарсан зөвлөмж, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнөж, зөвлөмж шийдвэрийн төслийг танилцууллаа.