Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг түшиглэн явагдсан цэргийн мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Ахлагчийн албанд элсэх хүсэл сонирхолтой Зэвсэгт хүчний 30 гаруй нэгтгэл, ангийн 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 2 сарын хугацаатайгаар сургалт бэлтгэлд хамрагдаж, 7 дугаар сарын 1-ний энэ өдөр дэд ахлагч цолоо гардаж, Зэвсэгт хүчний эгнээнд нэгдлээ.
Төгсөлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Н.Баасан, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга хурандаа Б.Батмөнх, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Ж.Мөнхбаяр нарын албаныхан болон төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээ ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямбыг нэгтгэлийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авснаар эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн төгсөгчдөд баяр хүргэж, цол гардуулах ёслол, дайчдын гардан тулааны үзүүлбэр, ая дууны мэндчилгээгээр өрнөж, төгсгөлд нь ар гэрийн төлөөлөл талархал илэрхийллээ.
Хурандаа Ж.Мөнхбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Яг хоёр сарын өмнө сургалт хамрагдахаар өөр өөрийн ангиасаа хүрэлцэн ирж байсан та бүхэн өнөөдөр ахлагчийн албанд нэгдэхээр баяртайгаар зогсож байна. 200 гаруй цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн ерөнхий бэлтгэлийг бататган, богино хугацааны эрчимжүүлсэн сургалтаар “Буудагч” мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээтэй ахлагчийг төгсгөж байгаадаа баяртай байна. Та бүхэн суралцах хугацаандаа цэргийн хэргийн мэдлэг, чадварыг эзэмшихээс гадна эдүгээ 100 жилийн түүхтэйгээ золгож байгаа Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд хэсэгхэн ч гэсэн саатаж суралцсанаа хэзээд дурсаж, бахархаж яваарай” гээд амжилт хүслээ.
ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ амжилттай биелүүлж, амьдралынхаа гарааг эхлүүлсэн дайчид та бүхний амрыг айлтгаж, дайчин цэрэг эрсийн цогтой халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхэм үүргийнхээ дагуу өөрийн хүсэл мөрөөдлийг даган, өөрийн хүсэлтээр ахлагчийн албанд элсэж байгаа та бүхнээр бахархаж байна. Зэвсэгт хүчин хэмээх их айлын нэгэн гишүүн болж байгаа та бүхэн цаашдаа улам хариуцлагатай байж, өргөсөн тангарагтай үнэнч байж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж явна гэдэгт эргэлзэхгүй байна.
Мөрдэстэй бүхнээс Зэвсэгт хүчний алдар суу, нэр хүнд хамаарч байдгийг ухамсарлаж явахыг захья. Цэл залуухан 200 гаруй ахлагчаар эгнээгээ тэлсэндээ баяртай байна. Идэр сайхан залуусыг эх орныхоо төлөө зүтгэхийг харах сайхан байна” гээд төгсөгчдөд дэд ахлагч цол гардуулж, ар гэрийнхэнд нь хэзээд Зэвсэгт хүчинтэйгээ ойрхон байж, цэрэг дайчдаа хүндэтгэж явдагт нь талархал дэвшүүлэв.
Ийнхүү хоёр сарын хугацаанд эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан 200 гаруй дэд ахлагч нар Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад буудагч, харуул, хөгжмийн албан тушаалд томилогдон ажиллах юм.
Эрчимжүүлсэн сургалтыг Зэвсэгт хүчний ХЗЦК-аас мэргэжлийн удирдлагаар хангаж, нэгтгэлийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Энхбаатар нарын бүрэлдэхүүн удирдан явуулсан юм.
Эх сурвалж: Ахмад Д.БОЛОР