"Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарь, төлөвлөгөөний дагуу оюутан цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-ны өдөр “Тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор” 5 километрийн явган маршийг амжилттай зохион байгууллаа.
Автоматын буудлагын анхны дасгалаар Баянхонгор аймгийн Жаргалант сумаас ирсэн байлдагч Батбаярын Эрхэмбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас ирсэн байлдагч Ганбаатарын Түвшинбаяр, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас ирсэн байлдагч Отгонбаярын Мөнхсүлд, Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас ирсэн байлдагч Алтанхуягийн Булганхангай, Архангай аймгийн Цэнхэр сумаас ирсэн байлдагч Эрдэнэбаатарын Ганзориг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас ирсэн байлдагч Дамдинбаатарын Санжидмолом, Дундговь аймгийн Өндөршил сумаас ирсэн байлдагч Түмэн-Одын Буяннэмэх, Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ирсэн байлдагч Оюунбатын Угтахбаяр нар орон тооны зэвсэглэлээрээ буудаж, үеийн нөхдөөсөө ур чадвараараа тэргүүлэн онц буудагчийн болзол хангалаа.
Явган маршийн төгсгөлд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч, дэд хурандаа Е.Бейбит шат тус бүрийн боловсруулах асуудалд бие бүрэлдэхүүний хандаж буй хандлага, идэвх, санаачилга, хичээл, сургалтад оролцож буй байдал, маршийн үйл явц, бие бүрэлдэхүүний оролцоо, идэвх, ололттой, дутагдалтай талуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлон, автоматын буудлагын анхны дасгалаар “Онц” дүнтэй буудсан дайчдыг баяр хүргэн сайшааж, цаашдын цэргийн алба, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт гаргахыг хүслээ.