Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “М” амралтын газарт Г.М, Н.Д нар нь согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж, Г.М нь Н.Д-г “хүнтэй унтлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар харилцан зодолдож Н.Д-д хүзүү, баруун, зүүн, бугалга, баруун зүүн гуя, зүүн шилбэ, баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн шанаанд цус хуралт, Г.М-д духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун зүүн бугалга баруун зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулсан байна.
Булган аймгийн Прокурорын газраас “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Г.М, Н.Д нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцэв.
Иргэн Г.М нь Н.Д нар дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос шүүгдэгч Г.М нь Д.Н нарт 450.000 төгрөгөөр торгох ялыг аль аль нь хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхээс Г.М нь Д.Н нарыг нэг нэгэндээ хүч хэрэглэн халдаж бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.М нь Д.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, тэдэнд 450.00 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.
Нэг нэгнээ хүндэлж хүлээцтэй асуудалд бодитоор хандаагүй, тэвчээргүй байдал нь уг хоёр бие биеэ гэмтээх цаашлаад эрүүгийн ял шийтгэл хүлээх шалтгаан болсон гэж дүгнэв.