Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт зургадугаар сарын 19-29-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тус наадамд Хан-Уул дүүргийн баг 26 алтан медаль хүртсэн бөгөөд талыг нь усанд сэлэлтийн төрөлд 15 настай Энхтөрийн Эрхэс ганцаараа авчирсан.
Тэрбээр Баянхонгорын усан замд нийт 13 зайд уралдаж 13 алтан медаль хүртэж супер амжилтыг үзүүлэв. "Орчлон" сургуульд сурдаг Э.Эрхэс өнгөрсөн сард Орхон аймагт болсон өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд 14 алтан медаль хүртэж үнэмлэхүй амжилт тогтоосон.
"Сэлэм загас" клубт данстай Э.Эрхэс хүү 2016 оноос хойш усанд сэлэлтээр хичээллэж байгаа бөгөөд ОХУ, АНУ, Малайз, БНХАУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс олон медаль хүртсэн шилдэг тамирчин.