Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар” нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон.
Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн,
Мөн шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү нар нь “...шүүх хуралдаанд хоёр өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч “шүүгдэгч Ц.Хулан”-ийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Шүүх хуралдаан болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, талуудын саналыг харгалзан хуралдааныг энэ оны долоодугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлолоо.
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан/ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /12 хавтаст/ хэргийг шүүх гуравдугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Ц.Хулангийн өмгөөлөгч Л.Өлзийхүү, Д.Оюунбаатар нараас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлт ирүүлснийг шүүх дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Ц.Хулангийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Шүүх Ц.Хулан Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны Ерөнхий шүүгч нь Хөгжлийн банкны шүүх хуралтай тул Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурлыг хоёр удаа хойшилуулсан.