Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм.
Өөрөөр хэлбэл, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бий болгох зорилт юм. Тэгвэл энэ зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийнхан “Тогтвортой ногоон санхүүжилт-Дархан” хөрөнгө оруулалтын форум зохион байгуулж байна.
Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэх нь форумын зорилт. Энэ хүрээнд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо, олон талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын бодлого хөтөлбөр боловсруулж, санхүүжилтын арга замуудыг тодорхойлж дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэн, цаашид Дархан руу шилжин суурьших иргэдийн тоог нэмэх нь алсын хараа юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэ форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, ХААИС-ийн тус аймаг дахь салбар сургууль, Зүүн өмнөд Европын Нутгийн удирдлагын консорциум хамтран хэрэгжүүлж буй "Найрамдал" төслийнхөн үүнийг хийж байна. Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Македон, Румын, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орны эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм.