Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран гол усны ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар өчигдөр мэдээллээ. НОБГ-аас өнгөрөгч онд “Анхаарахад л болно” нөлөөллийн аян өрнүүлсний үр дүнд энэ төрлийн дуудлага 17.7, осолдсон иргэдийн тоо өмнөх оны үеийнхээс 3.5 хувиар буурсан гэнэ. Энэ жил “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж буй аж. НОБГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа “Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амиа алдсан. Аялал, зугаалгын улиралд энэ төрлийн осол эрс нэмэгддэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хяналтын камер байршуулсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан хамтарсан багийнхан энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн есдүгээр сарын 15 хүртэл “Завьт эргүүл” ажиллуулна” гэв.
Бэлтгэсэн: Д.Хүслэн