Зун болж, аялал зугаалгын улирал эхлэхээр гол, усанд живж амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)- аас 13 дахь жилдээ завьт эргүүл ажиллуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ энэ сарын 15-наас эхлүүлсэн юм. Завьт эргүүлүүдийн ажлыг сурвалжиллаа. НОБГ-ын харьяа аврах ангиуд нь үер, гал түймэр, зуд, үйлдвэрлэлийн, зам тээврийн осол, химийн хорт болон тэсрэх бодис, амиа хорлох оролдлого, газар хөдлөлтийн нуранги, мөс цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчний дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай гүйцэтгэх чиг үүрэгтэй юм. Завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэх аврагчид өдөр бүр 09.30 цагт цугладаг аж. 09.50 цаг гэхэд бүгд бэлэн байдлаа ханган, хийлдэг завиа ачсан “Фургон” машинд суусан байв. Нэг бүлэгт зургаан алба хаагч үүрэг гүйцэтгэх бөгөөд дөрвөн аврагч, жолооч, бүлгийн дарга гэсэн бүрэлдэхүүнтэй эргүүлд гарна. Бидний сурвалжлахаар очсон бүлгийн эргүүл хийх хэсэг нь Баянзүрх дүүргийн нутаг дахь Гачууртын Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртэл аж. үрэг гүйцэтгэх аврагчид эхлээд аврах ажиллагааны бэлтгэл, сургуулилалт хийхээр Баянзүрхийн гүүрний ойролцоох Адам, Евагийн хөшөөний дэргэдэх тогтоол усыг зорив. Тэр ус нь эзлэх талбайн хувьд жижиг ч найман метрийн гүн юм байна. Аврагчид хувцсаа солин, ус руу үсрэн орцгоож, ойролцоогоор хоёр цаг бэлтгэл хийлээ. Тэд эхлээд өөрсдийгөө усанд дасгаж, шинэ аврагчдаа шумбаж сурахад бэлтгэв. Бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Ганбаатараас эргүүл хийх чиглэлийнх нь талаар лавлахад “Бидний үүрэг гүйцэтгэж буй бүс нь Туул голын бусад хэсгээс илүү гүнзгий, хүний амь эрсдэж болзошгүй байдаг. Голын эрсдэлтэй гэж үзсэн таван газарт онцгой байдлын байгууллагаас хяналтын камер суурилуулсан. Сонсголонгийн гүүрэнд хоёр, Баянзүрхийнхэд гурван камер бий” гэв.
Бэлтгэл, сургуулилалт дуусаж, 12.30 цагт тэд үдийн хоолоо идсэний дараа эргүүл хийх газар луугаа хөдөллөө. Аврагчид Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхантай жил бүр хамтарч ажилласаар иржээ. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо зугаалж буй хүн голын ойр орчимд олон байв. Нярай хүүхэдтэй гэр бүл ч цөөнгүй харагдана. Тэдний нэг болох шинэхэн ээж Б.Баярцэцэг “Манай гэр Офицеруудын ордны ойролцоо байдаг юм. Охиноо төрснөөс хойш амралтын өдөр бүр энд ирж салхилуулдаг болсон. Өнгөрсөн долоо хоногт завьт эргүүлийн алба хаагчид ирж бидэнд сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн. Энэ ажлыг зохион байгуулж буй хүмүүст талархаж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос үүдэж багачууд усанд живж амиа алдаж байгаа нь харамсалтай” гэлээ. Аврагчид голын дагуу завиа сэлүүрдэн явж, эрэгт байгаа иргэдэд сэрэмжлүүлэх хуудас тарааж байлаа. Тоомжиргүй хандаж, тоглоом хийх тохиолдол ч гарав. Бүлгийн зааварлагч, ахлах ахлагч Б.Төрбаяр “Бидэнтэй хүндэтгэлгүй хандах тохиолдол нэг бус удаа таарч байсан. Цагдаа очоод хэлэхэд шууд хүлээж авдаг. Иргэд ялгавартай ханддаг юм. Тиймээс бид цагдаагийн албан хаагчтай хамт эргүүлд явдаг. Мөн иргэдэд сэрэмжлүүлэх хуудас тараадаг ч тэр нь хог болж, байгаль орчныг бохирдуулж байна. Хүмүүс ганц хараад л хаячихдаг юм. Өнөөдөр бороотой болохоор гол руу ирсэн хүний тоо харьцангуй цөөн байна. Халуун өдрүүдэд голын эрэг автомашинаар дүүрчихдэг” хэмээв.
15.00 цаг болоход аврагчид голын эрэг орчмын хүмүүсийн олонход нь сэрэмжлүүлэг мэдээллээ хүргээд байлаа. Завийг хоёр хүн сэлүүрдэх бөгөөд урд суусан аврагч хаашаа явахыг чиглүүлэх аж. Аврагч О.Ангараг “Гол үертэй, ширүүн урсгалтай үед дөрвөн хүн зэрэг сэлүүрддэг. Өнөөдөр усны урсгал зөөлөн тул хоёр хүн сэлүүрдэж байна” хэмээв. Үүрэг гүйцэтгэгч аврагч нар өглөөнөөс эхлээд устай нөхөрлөж, бүтэн өдрийн турш нойтон хувцас, чийгтэй гуталтай явах аж. Хөндлөнгөөс харахад тийм ч амар биш. Гэвч тэд ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ хийж байлаа. Бид нэг хүн шиг, бие биеэ мэдэрч байж аврах ажиллагааг амжилттай дуусгадаг гэцгээнэ. 20.00 цагт үүргээ гүйцэтгэж дууссан аврагчид аврах анги руугаа буцлаа. Өнөөдөр гол руу ирсэн хүмүүс харьцангуй цөөн болохоор ачаалал бага байлаа гэж тэд өгүүлсэн юм.
Усанд живж амиа алдсан иргэдийн олонх буюу 90 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу ороод осолддог аж. Аврах ангийн эмч, ахлагч Б.Мэндбаяр “Архи уусан үедээ голын хүйтэн ус руу ороход хүний шөрмөс татаж, өөрийгөө удирдах чадвар буурч, цусны эргэлт удаашран, бие бүхэлдээ хүндэрч, хөдөлгөөн хийж амжилгүй живдэг. Живсэн хүнд 10 минутын дотор анхны тусламж зөв үзүүлснээр аврах бүрэн боломжтой. Харин энэ хугацаанаас хэтэрсэн тохиолдолд амьсгалын зам руу их хэмжээний ус, гаднын биет орж бөглөрөн аврах боломжгүй болдог. Иргэд гол болон тогтоол ус, цүнхээлд хөл алдаж живсэн тохиолдолд амьсгалын зам усаар дүүрч бөглөрснөөр амиа алддаг” гэлээ. Усанд амиа алдсан нийт хүний 77 хувь нь амралт, аялал зугаалгын үеэр осолддог болохыг НОБГ-аас мэдээлсэн. Хэн нэгэн живсэн үед яаралтай тусламж дуудан (102, 103, 105), амьсгалахгүй тохиолдолд хамрыг нь чимхэж, ам руу нь хүчтэй үлээн, 10 секундэд таван удаа ухаан ортол давтана. Амьсгалж эхлэх үед хажуу тийш нь харуулан хэвтүүлж, цээжний доод хэсэгт нэг алгаа байрлуулж, гараа нугалахгүйгээр дардаг. Амьсгал сэргэж судасны лугшилт мэдрэх хүртэл үргэлжлүүлэн дарах шаардлагатай аж.
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зөвхөн онцгой байдлын байгууллагын ажил биш бөгөөд иргэдийн оролцоо нэн шаардлагатай юм. НОБГ-аас гаргасан сэрэмжлүүлгийн хуудсанд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, баталгаагүй гарам, гарцаар гарахгүй байхыг, автомашинаа голын эрэг, усны эх, ай саваас 50-100 метрийн зайд байршуулахыг зөвлөсөн байв. Уг зөвлөмжийг даган өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг ханган эрсдэлээс сэргийлж анхаарал, болгоомжтой аялаарай.
Бэлтгэсэн: Д.Түвшин