Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Наадмын зохион байгуулалт, төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын бэлтгэл өмнөх жилүүдийнхээс эрт эхэлсэн тул 80 хувьтай байна хэмээн тус хорооны Нарийн бичгийн дарга И.Баатархүү эхэнд нь хэллээ. Мөн "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой, нийт 218 хүн ажиллаж байна. Ямар нэгэн алдаа дутагдал гарахаас сэргийлж зохион байгуулалтын өндөр түшинд ажиллаж байгаа" гэв.
Наадмын тасалбарыг хоёр дахь жилдээ цахимаар худалдаж байна. Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс enaadam.mn-ээр худалдаж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй. Баяр наадмын тасалбар нь эрэлт ихтэй байдагтай холбогдуулан энэ жил серверийг өндөр түвшинд өргөтгөн бэлтгэсэн. Түүнчлэн банк болон бусад төлбөрийн системүүдийн ачааллыг бууруулах зорилгоор төлбөр төлөх хугацааг уртасган нэмэлт хөгжүүлэлт хийсэн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мөн онцоллоо.
Энэ үеэр Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрээр "ХХААХҮЯ болон мэргэжлийн морин спортын холбоод хамтран бүртгэлийн санг хуулийн дагуу 2025 оны 6 дугаар сараас өмнө бүрдүүлэх ёстой. Түүнээс өмнө хурдан морьдын уралдааныг Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байна. Энэ жил мөн тус дүрмийг барьж ажиллана. Энэ удаагийн Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 10-12-нд зургаан насны морь уралдана. 13-нд эрлийз, дээд, дунд, бага, жороо морины уралдаан зохион байгуулагдана. Өмнө жил сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг орон даяар шууд дамжуулсан. Энэ жил шүдэлгээний хэсгийг камержуулж, үйл явцыг орон даяар шууд дамжуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байна. Наадмын талбай дахь хурдан морины уралдах замыг очиж үзсэн. Хур тунадас, цаг агаарын байдлыг ажиж, дөхүүлж байгаад зам засна.
Өнгөрсөн жил уяачид мориныхоо сэрвээг шивэх, туурайг нь хуурайдах зэрэг зөрчил цөөнгүй гаргасан байсан. Ийм зөрчил дахиж гаргалгүй сайхан наадахыг уриалж байна" гэсэн юм.