Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “ЭРСДЭЛГҮЙ АЯЛАЛ-ЭНДЭЛГҮЙ ЗУН” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд цахим орчинд иргэд, олон нийтэд гол, усны осол, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг мэдээлэл олгох юм.
Нийслэлийн Онцгой байдлын газраас 2022 онд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг олон нийтийн сүлжээгээр өрнүүлж мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэснээр гол усны ослын дуудлага 17,7%, голын усанд осолдсон иргэдийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,5%-иар тус тус буурсан үр дүнтэй ажилласан.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 06 дугаар сарын 21-ээс эхлэн өдөр бүр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу "Завьт эргүүл" үүрэг гүйцэтгэж, гол, усны ойролцоо аялж зугаалж байгаа иргэийн аюулгүй байдлыг хангаж байна.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 3 жилд гол, усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амь насаа алдсан байна.