ХААИС-ийн дэргэд Мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулсныг өчигдөр нээлээ. Ийм төвтэй болсноор суралцагчид танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ практикт турших, дадлагажих, багш нар судалгаа, шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байгааг ХААИС-ийн удирдлага онцолсон юм. Түүнчлэн мал, амьтны өвчнийг орчин үеийн дэвшилт технологи, багаж, тоног төхөөрөмж ашиглан эмчлэх боломж бүрдсэн гэнэ. БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөөгийн хөгжлийн корпорацын буцалтгүй тусламжаар, “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, Мал, амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төслийн хүрээнд уг төвийг байгуулжээ. Төслийн төсөвт өртөг нь дөрвөн сая ам.доллар бөгөөд үүний хүрээнд төвийн дөрвөн давхар барилгыг барьж, тавилга, эд хогшил, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн шийдсэнаж. Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, малын эмч нар БНСУ-ын Кёнгбүкийн их сургуульд ур чадвараа сайжруулах, чадавхыг бэхжүүлэх сургалтад хамрагдсан байна. Ингэснээр тэд төвийн тоног төхөөрөмжийг ашиглахад суралцан, БНСУ-ын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барил, туршлагаас эзэмшсэн гэнэ. Мөн БНСУ-ын Кёнгбүкийн их сургуулийн багш, судлаачид Монголд ирж, Мал эмнэлгийн сургуулийн багш, оюутан, малын эмч нарт сургалт явуулжээ.
Бэлтгэсэн: М.Оч