Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ хуульч Б.Гүнбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн Ажлын албаны захиргааны эрх зүйн зөвлөх Ч.Тунгалаг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах нар Дээд шүүхэд гаргажээ. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа энэ сард дуусаж буй тул түүнийг санал болгосон Дээд шүүх дараагийн хүнийг томилуулахаар нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авсан нь энэ. Тэдний хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн, нэгнийх нь нэрийг УИХ-д уламжлах юм.
Сануулахад, өнгөрсөн оны хоёрдугаар сард Дээд шүүх эл албан тушаалд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч байсан ч түдгэлзүүлсэн билээ. Дээд шүүх Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалтыг үндэслэл болгон Н.Чинбатын оронд санал болгох хүний эрэлд гараад байсан хэрэг. Гэвч дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд гарган, түүнийх нь дагуу маргаан үүсгэснээр эл үйл явцыг түдгэлзүүлсэн юм.
Түүнчлэн, өнгөрсөн онд бүрэн эрхийн хугацаа нь дууссан нэг гишүүн Үндсэн хуулийн цэцэд бий нь Д.Одбаяр. Түүнийг 2016 онд УИХ-аас санал болгосноор томилсон ч өдий хүртэл дараагийн хүнийх нь нэрийг “оруулаагүй” байна.