Улсын хэмжээнд өдөрт 20 орчим хүн хорт хавдраар өвчилсөн нь батлагдаж байна. Түүнчлэн эл өвчний улмаас өдөрт 12 хүн эндэх болов. Нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилсөн байна. Хүн амын эрүүл мэндийн нэгдсэн үзүүлэлтийн өнгөрсөн оны дүн мэдээллээс үүнийг харж болох аж. Мэргэжлийн байгууллагынхны судалгаа, дүгнэлтээр хавдрын өвчлөл, нас баралт цаашид төдийлөн буурахгүй, харин ч улам даамжрах, газар авах магадлалтай байна. Гол шалтгаан нь манай улс хавдрын өвчлөлийг хумих, бууруулах, ялангуяа эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэгт төдийлөн анхаардаггүйтэй холбоотой гэнэ. Уг нь салбарын сайд, яам, холбогдох албаныхан үүнд анхаарч, арга хэмжээ авч байна гэдэг ч тэр нь бодит байдалд төдийлөн “буудаггүй” бололтой.
...Хорт хавдартай нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885-д хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд түвшин бөгөөд 2021 оныхоос 1000 орчим тохиолдлоор нэмэгдсэн дүн юм. Мөн өнгөрсөн онд хавдрын улмаас 4548 хүн эндсэн нь өмнөх жилийнхээсээ 300 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт болов...
70 ХУВЬ НЬ ХОЖУУ ШАТАНДАА ОНОШЛУУЛЖ БАЙНА
Хорт хавдрын тоон үзүүлэлтүүдийн олонх нь өнгөрсөн онд “улаан шугам” давжээ. Хавдартай нь батлагдсан хүний тоо, нас баралт, хүүхдийн өвчлөл зэрэг олон үзүүлэлт өмнөх жилийнхээсээ ихэссэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан мэдээлэлд дурдсан байв. Энэ төрлийн өвчлөл төдийлөн хумигдахгүй, харин ч тархалт нь ихэссээр буйг тоон үзүүлэлтүүд илэрхийлсээр. Тухайлбал, хорт хавдартай нь батлагдсан хүний тоо өнгөрсөн онд 6885-д хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд түвшин бөгөөд 2021 оныхоос1000 орчим тохиолдлоор нэмэгдсэн дүн юм. Мөн өнгөрсөн онд хавдрын улмаас 4548 хүн эндсэн нь өмнөх жилийнхээсээ 300 орчмоор нэмэгдсэн үзүүлэлт болов. Өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт тохиолдлын тал хувийг элэг, ходоодны хорт хавдар эзэлжээ. Эдгээрийн дараа уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар “жагссан” байна. Иргэдийн амьдралын буруу дадал хэвшил, хорт зуршил зэргээс шалтгаалан манайд элэг, хоол боловсруулах замын хавдар ихэссэн аж. Түүнчлэн агаарын бохирдлын нөлөөгөөр уушгины хорт хавдар ихсэх болсныг ч мэргэжлийн эмч нар сүүлийн жилүүдэд сануулж буй билээ.
Хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Мөн элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө нэгт бичигдэж байгаа. Эдгээрээс гадна ходоодны хорт хавдраараа дэлхийд хоёрдугаарт “жагсаж” буй. Таагүй үзүүлэлт үүгээр дуусахгүй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Ази тивд тэргүүлсэн. Энэ мэт “дээд амжилт” эвдэгдэхгүй, ялангуяа хавдраас улбаалсан нас баралт буурахгүй байгаа нь түүнийг эрт илрүүлж чаддаггүйтэй холбоотой гэнэ. Тухайлбал, 20 гаруй жилийн өмнө л манайд хавдрын нийт тохиолдлын 70 хувийг хожуу шатанд нь илрүүлж, улмаар өвчилсөн иргэн нэг жил хүрэхгүй хугацааны дотор нас бардаг байж. Эл үзүүлэлт одоо ч хэвээрээ бөгөөд өөрчлөлт төдийлөн гараагүйг Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар мэдээлсэн.
Эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн дотор анхаарал татах бас нэг асуудал байгаа нь хүүхдийн хавдар. Манай улсад өнгөрсөн онд 143 хүүхэд хорт хавдраар өвчилжээ. Дээрх тоо нь 2021 оныхоос 28 тохиолдлоор өссөн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн насанд хүрэгчид хавдраар өвчлөх нь ихэссэн хэрэг биш, хүүхдүүд ч нэрвэгдэж, улмаар тоон үзүүлэлт нь ч нэмэгдсээр байгаа аж. Улсын хэмжээнд хорт хавдраар өвчилсөн 26 347 хүн өдгөө эмч, эрүүл мэндийн байгууллагынхны хяналтад байгаа бөгөөд тэдний 525 нь хүүхэд гэнэ. Хүүхдүүд голчлон тархины, цусны, нүдний хорт хавдраар өвчилжээ.
ЭРТ ИЛРҮҮЛЭГ НӨЛӨӨЛСӨН ҮҮ
Хорт хавдрын тоон үзүүлэлтүүд ийнхүү “цойлох” болсон шалтгааны талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодруулахад “Улсын хэмжээнд эрт илрүүлэг зохион байгуулж, сайн илрүүлж буй нь нөлөөлж байгаа” хэмээн хариулсан юм. Харин Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Л.Баярсайхан үүний эсрэг байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, эрт илрүүлэг хангалтгүй байгаа нь өвчлөл ихсэхэд нөлөөлснийг тодотгосон юм. Тэрбээр “Хорт хавдраар өвчлөгсдийн тоо ихэслээ. Энэ нь уг өвчнийг аль болох хурдан илрүүлж, арга хэмжээ авч чадахгүй байгаатай холбоотой. Эрт илрүүлж, хурдан арга хэмжээ авч чадахгүй байгаагаас л хорт хавдар болтол нь хүндрүүлчихдэг гэсэн үг шүү дээ. Манайд 5-6 төрлийн хавдар түгээмэл байгаа. Тэдгээрийг уг нь хурдан оношилж, эмчилж, иргэний амийг аврах боломжтойг шинжлэх ухаанаар хэдийн баталсан. Тэгэхээр хавдрын улмаас хэн нэгэн нь амиа алдахгүй байж болно гэсэн үг. Улсын хэмжээнд эрт илрүүлэг зохион байгуулж буй. Гэсэн ч үр дүн багатай, зохион байгуулалт оновчгүй байна. Тухайлбал, хэт хавтгайруулж, иргэдийг насаар нь ангилж, хэрэггүй олон шинжилгээнд хамруулж байгаа. Энэ бол төсвийн асар их хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан үрэлгэн арга хэмжээ. Нөгөө талаар манай улс хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа хэрнээ үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөгүй. Ийм улс манайхаас өөр байхгүй” гэлээ.
УРУУДАХ ТААМАГ
Сүүлийн 10 жилийн хугацаанд улсын хэмжээнд 58 838 хүн хорт хавдраар өвчилж, 41 790 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны иргэн хавдраар өвчилж, эндсэн байна. Энэ нь цаашид өөрчлөгдөж сайжрахгүй, харин ч улам уруудах төлөвтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад анхааруулсан юм билээ. Тус байгууллагынхан 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас баралт ямар хэмжээнд хүрэхийг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон тооцоолсон байна. Уг тооцооллоор бол манайд хорт хавдрын шинэ тохиолдол жилд 11 000-ыг давах магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд илрүүлсэн тохиолдлоос 4000 гаруйгаар нэмэгдэх төлөвтэй аж. Тиймээс уг нөхцөл байдалд тулгуурлан шаардлагатай арга хэмжээ авахыг дээрх байгууллагаас манай улсад зөвлөж байжээ.
Тэгвэл цаашид өвчлөлийг бууруулах ямар гаргалгаа байгааг Л.Баярсайханаас тодруулахад “Хавдрын илрүүлэг нь нийгмийн эрүүл мэндийн ажил. Өөрөөр хэлбэл, анхан шатанд тогтмол эрт илрүүлдэг тогтолцоо байх ёстой. Тийм боломж, чадамжийг бий болгох шаардлагатай юм. Гэтэл өдгөө хавдрын мэргэшсэн эмч нар 21 аймаг тойрч, явуулын үзлэг хийж байна. Бид ийм байдлаар 10 гаруй жил ажиллалаа. Үүнийг өөрчилж, эрт илрүүлгээ сайжруул. Эрт илрүүлэг нь нэг удаад хийгээд өнгөрөх ажил биш. Харин тогтолцоо бий болгох ёстой зүйл. Түүнчлэн өмнө дурдсанаар үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Хавдрын өвчлөл, нас баралтын үзүүлэлтүүд сүүлийн 20 жилд сайжирсангүй. Үүнийг өөрчилж, олон мянган иргэний амийг аврахын тулд дорвитой үйл ажиллагаа хэрэгтэй. Эрт үед нь оновчтой илрүүлж, тохиолдол бүрийг эмчилж байж нас баралтыг бууруулна. Энэ нь тодорхой төлөвлөгөө, тогтвортой санхүүжилт шаардсан үйл ажиллагаа болно” хэмээлээ.
Бэлтгэсэн: М.Оч