“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь 2003 онд анх АНУ болон Монгол Улсын хамтарсан хээрийн сургуулиар эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын статустай болж 20 дахь жилдээ ийнхүү зохион байгуулагдаж байна.
АНУ-тай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд өнгөрсөн хугацаанд дэлхийн 67 улсын 18 мянга гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.
Тус сургууль нь оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой.
Энэ удаагийн сургуульд нийт 26 орны 1100 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд үүнээс Бүгд Найрамдах Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Турк Улс анх удаа цэргээ илгээсэн юм.
“Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь команд-штабын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалт гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.
Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бүтцийн нэг болох цагдаагийн бүрэлдэхүүний төлөөлөл оролцож буй бөгөөд тэдгээр төлөөлөл нь өмнө нь БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цагдаагийн алба хаагч нар юм.
Мөн олон улсын "Улаан загалмай" нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна. Улс орон бүр алба хаагчдаа бодит цагийн байдалд дадлагажуулахын тулд зохиомол улс, хотын захирагч, цэргийн захирагч, эмч зэрэг дүрд хувирч байгаа бөгөөд бусад оролцогч НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллага болон ТББ-ын дүрийг бүтээж байгаа юм.
Түүнчлэн гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжөөс хамгаалах, түүний эсрэг арга хэмжээ авах талаар мэргэшсэн олон улсын багш нар хамтран ажиллаж байна.
Салаадын хээрийн сургуулийн хувьд хичээлийн 9 цэгт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүсдэг бодит цагийн байдалд дүйцүүлэн хичээл сургуулиа зохион байгуулж байгаа юм. Гурав дахь хичээл болох чадавхыг нэмэгдүүлэх сургалт зөвхөн АНУ болон Монгол Улсын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Бүс нутагтаа томоохонд тооцогдох “Хааны эрэлд” сургууль бодлого, төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх мянга мянган чадварлаг энхийг сахиулагчийг ийнхүү сургаж бэлтгэж байна.
Эх сурвалж: Ахмад Г.Итгэлт