Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачилгаар "Усны үндэсний зөвлөлгөөн"-ийг хийсэн бөгөөд зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийн мөрөөр БОАЖЯ ажиллаж буй.
1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.
Хэрлэн голыг хамгаалах цогц ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Хэрлэн голын хайрганы карьерын олборлолтыг бүрмөсөн зогсоосон. Тавдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Хэрлэн голын хайрганы карьерт нөхөн сэргээлт хийж эхлүүлжээ.
Хэрлэн голын хайрганы карьерын их устай хэсгийг нуур болгон нөхөн сэргээж, тохижуулах төсөл боловсруулахаар шийдэлд хүрэв. Энэ ажлыг Монгол Улсын хэмжээнд жишиг нөхөн сэргээлт болгох зорилт тавин ажиллахаар боллоо.