АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ сарын 25-29-ний хооронд манай улсад айлчилж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талтай уулзах юм. Эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, оюуны өмчид тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь түүний айлчлалын зорилго юм байна.
Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон төр, хувийн хэвшлийн түншүүд, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, эдийн засаг, чухал ашигт малтмал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах яриа хэлэлцээ өрнүүлэхээр төлөвлөжээ. Мөн олон улсын худалдааны талаар Дэлхийн экспортын хөгжлийн форумд илтгэл тавьж, Оюутолгойн уурхайд зочлох аж.
Үүнээс гадна Улаанбаатар хотноо Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газартай чухал ашигт малтмалын талаарх анхны гурван талт яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэмжихэд хамтран ажиллахаар зорьжээ. Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.