Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улсын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн хувиар олон улсын шатрын "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимировичтэй уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол хүүхдүүд дэлхийн болоод олон улсын чанартай тэмцээнүүдэд аваргалж, тогтмол амжилт үзүүлж буй”-г онцоллоо. Мөн сайн багш дасгалжуулагчдыг Монголд урьж ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. "ФИДЕ" холбооны ерөнхийлөгч Дворкович Аркадий Владимирович “УИХ-ын даргын саналыг дэмжиж, шатрын чадварлаг багш дасгалжуулагчийг ажиллуулж, шатрын багш нарыг тусгайлан бэлтгэдэг хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой” гэжээ. Мөн "ФИДЕ" холбооноос ирэх наймдугаар сард Казахстан улсад болох дунд сургуулийн сурагчдын шатрын тэмцээнд монгол хүүхдүүдээ оролцуулахыг урьсан байна. Харин ирэх жилийн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж, улмаар 2028 онд болох Дэлхийн шатрын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлжээ.
"ФИДЕ" нь Дэлхийн үндэсний шатрын холбоодыг нэгтгэн 1924 оны долдугаар сарын 20-нд Парис хотноо байгуулагдсан юм. Тус холбоо нь нэр дэвшигчдийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээн, шатрын олимпиадыг зохион байгуулахаас гадна спортын цол олгох, албан ёсны үнэлгээ, эрэмбийг тооцох зэрэг шатрын спортыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг хүлээж ажилладаг.