Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо.
Улаанбаатар хотын 21 их, дээд сургуулийн 150 оюутан цагдаа зуны туршид гадаадын жуулчдын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил болон шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллана.
Энэ жилийн тухайд Оюутан цагдаа нарын ажлыг хөнгөвчлөх үүднээс унадаг дугуй, цахилгаан скүүтерээр хангаж ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн тухайд Оюутан цагдаа нар гадаадын жуулчдад 11 төрлийн 42 санамж, 144 сэрэмжүүлэг тараасан бөгөөд гэмт хэрэг зөрчлийн талаарх 752 мэдээ мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгсөн. Мөн эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 34 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирсон 54 тохиолдлыг холбогдох газарт мэдээллэсэн байна.