Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторын эвлэлийн гишүүд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, өнгөрсөн хугацаанд нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого гажуудсан, авлигажсан шалтгаан болон бусад тулгамдсан асуудал, үүнийг засах шийдлүүдийн талаар санал солилцлоо.
“Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа:
Социалист төвлөрсөн төлөвлөгөөнөөс шилжихдээ л өнөөдрийн бүх алдаа, завхрал эхэлсэн. Хот, хөдөөгийн ялгаа заагийг бид одоо бүрэн ойлгох цаг болсон. Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газар дээр 24 давхар бариад явж байна.
Архитектор Ц.Баярхүү:
Монголын төр 30 жил архитекторуудаа сонсохгүй явж ирсэн нь үнэн. Энэ удаа би үнэхээр талархаж байна. Ер нь бол 90 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л Улаанбаатар хотын бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Гэхдээ засахгүй бол асуудал улам л хүндэрнэ.
“Хот төлөвлөлтийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн, архитектор Б.Энхбаяр:
Гэр хорооллыг иргэдийн оролцоонд тулгуурлаж, шинэ суурьшлын бүс төлөвлөх төслийг боловсруулсан хүний хувьд хэлэхэд монголчууд бид аливаа асуудалд оролцож, нэгдмэл байж чаддаггүй. Угтаа бол оршин сууж буй иргэд бүгдээрээ энэ хотыг төлөвлөгч байх ёстой. Өнгөрсөн хугацаанаас дүгнэхэд улстөрчид, мэргэжлийн бусчууд нийлээд суурьшлын бүсийн нэг төлөвлөлт хийчихдэг. Тэр нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Шалтгаан нь иргэдийн оролцоогүйгээр хийсэнтэй холбоотой.
Дурсгалт газрын сэргээн засварлалтын архитектор З.Оюунбилэг:
Түүхэн дурсгалт газруудыг мэргэжлийн түвшинд засварлах хэмжээний чадвартай компани өнөөдөр Монгол Улсад алга байна. Барилгын хөгжлийн төвд цаасан дээр бүртгэлтэй, зөвшөөрөл авсан компани бол 20, 30 байдаг. Харамсалтай нь мэргэжлийн биш. Зөвхөн тендерт оролцох гэсэн л компаниуд байдаг. Тиймээс дурсгалт газрыг сэргээн засах ажлын гүйцэтгэгчийг тендерээр шалгаруулдаг байдлыг болиулах хэрэгтэй. Төр, засгаас үүнд бодлогоор анхаарч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин, байгууллагыг бэлдэхэд онцгой анхаармаар байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн газар олголт, түүнийг тойрсон авлига, албан тушаалын тодорхой баримттай асуудалд анхаарал хандуулж, томоохон хэргүүдийг олон нийтэд зарлах шаардлагатай. Ер нь Улаанбаатар хотын газар олголт, хот төлөвлөлтийн бүх мэдээллийг цаашдаа ил тод байлгаж, хот төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаж, өнгөрсөн хугацаанд үүссэн алдаа завхарлыг заавал засах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотод бий болсон хотоо зөв төлөвлөөгүй алдаа, утаа, түгжрэл, газрын наймаа, авлига зэргийг засахгүйгээр цаашаа явбал байдал улам хүндэрнэ гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.