Замын-Үүдийн боомтоор Эрээн хот руу зорчих зорчигч болон ачаа тээврийн автомашины тоо нэмэгдэн, хил нэвтрэхээр урт дараалал үүсгэсээр байгааг иргэд мэдээлж буй. Тэгвэл Замын-Үүд-Эрээн чиглэлд өдөрт зорчигч тээвэрлэх 40 автобус үйлчлэхээр хоёр тал тохиролцсон юм байна. Эдгээрийн 20-ыг манайх, 20-ыг нь урд хөршөөс хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Гэтэл Хятадын талаас зорчуулах автобус өдөрт 5-6-гаар л хязгаарлагдан, нийт 25-26 автобус иргэдэд үйлчилж, ачаалал нэмэгдүүлж буйг Замын-Үүд сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяр хэллээ. Түүнчлэн цар тахал дэгдэн, ачаа тээврийн үнэ өссөний улмаас олон иргэн ачааны автомашинтай болж, өдгөө тоо нь 1000-д хүрчээ. Тэдгээрийн жолооч нар Эрээн-Замын-Үүдийн чиглэлд тээвэр хийхээр эрмэлзэн, хилээр зорчихоор дугаарлах болжээ. Гэтэл урд хөршөөс өдөрт ачаа тээврийн 200 автомашин л татан авч байгаагаас дараалал үүсэж буй гэнэ. Эдгээрийг хэрхэн зохицуулах талаар Д.Отгонбаяр “40 автобус зорчуулаад ч ачааллаа дийлэхгүй учраас нэмж суудлын 50 автомашин хөдөлгөөнд оролцуулах хүсэлтээ бид Хятадын талд хүргүүлсэн. Улмаар стандартын шаардлага хангасан, жолооны зөв хүрдтэй, 50 автомашиныг бэлэн болгосон. Хятадын тал зөвшөөрвөл ирэх долоо хоногоос зорчуулж, ачааллыг бууруулна. Харин ачааны автомашиныг хэрхэн зохицуулах, дарааллыг бууруулах талаар зөвлөлдөлж байна” гэв. Ташрамд дурдахад, цар тахлын өмнө Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 6000-8000 хүн зорчдог байсан бол өдгөө 4000 гаруй иргэн үйлчлүүлж буй аж.