УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Э.Цэцэгсайхан, Р.Оюун-Эрдэнэ нар Гандантэгчэнлин хийд дэх хүчирхийллийн асуудлаар мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, томоохон аян өрнүүлэхээр боллоо. Учир нь сүүлийн үед хүүхэд хохироосон жигшмээр хэрэг гарсаар байна. Шашны сүм хийдэд гарсан хүүхдийн хүчирхийллийн асуудал нэг, хоёр удаагийнх биш юм. Энгийн сургуульд ийм асуудал гарвал хүүхэд өөр сургуульд шилжээд сурч болно. Харин шашны сургуулийнханд өөр сонголтгүй учраас шашны сургуульдаа чимээгүй үлддэг. Тиймээс үүнийг илэрсэн дээр маш сайн шалгаж, буглааг ил гаргах ёстой" гэв. Улмаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийнхөн "Мөрийг мөшгөе" үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ. Мөн энэ хэргийг шалгаж буй цагдаа, хуулийнханд шахалт үзүүлж ажиллах гэнэ. Өнөөдрийн байдлаар Монголд 346 сүм хийдэд 244 ламхай сурч байгаа гэнэ. Эдгээрт 1500 лам ажилладаг гэнэ. Өмнө нь буюу 2016, 2022 онд лам нар хүчингийн хэрэгт холбогдож байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдсэн нь тодорхойгүй байгааг тэд онцоллоо.